Teenagers

536 37 1
                                    

Шөнө дунд, хэн бүхний унтаж байх цаг. Гэрийнхэн маань орондоо орж, гэр хэдийн анир чимээгүйд автжээ. Гэвч би хичээлийн ширээнийхээ ард, хэдэн номон дундаа төөрөгдөнө. Миний хувьд хичээлээ дуусгаж байж л зүүдний ертөнцдөө айлчлах ёстой байх. Тиймээс л унтахаа мэдэхгүй юм шиг л, гараа салж унатал урдаа байх дэвтэр дээр сараачин сууна. Нилээн хугацаа өнгөрч, хийх ёстой зүйлс багасан харагдах нь сайхан санагдаж байлаа. Сүүлийн хичээлийн даалгаварыг хийж дуусгах үед мэдрэгдэх энэ л их хөнгөн мэдрэмж. Мөн үүнтэй нэгдэж миний хөшсөн бие ядарсныг минь сануулна.

Орондоо орон, унтахыг хүсэх ч өөрийн толгойд эргэлдэх хэд хэдэн бодолдоо дарагдах минь хэцүү. Өөрөө өөрийгөө алж байна л гэсэн үг байх. Хэрэггүй бодолдоо гарч чадахгүй, улам шигдэн орох би. Хүн болж төрсөн хойно мэдээж унтаж л таараа. Үүний жишиг шиг би ч мөн цаг хагас өнгөрөхөд л тайвшран, амарч эхэлдэг юм.

Сэрүүлэг байгаагүйсэн бол хүн бүхэн тайван амгалан байх байсан биз. Сэрэхийг хүсэхгүй ч, өөрийн тавьсан ядаргаатай чимээнээс болж халуун орноосоо хөндийрнө. Удаанаар өөрийгөө хичээлдээ бэлтгэн, сүүмийсээр галын өрөөндөө очлоо. Өглөөний хоол бас л үгүй. Хэн үүрийн зургаан цагт хоол бэлдээд зогсож байна гэж. Бүр над шиг том болсон хүүхдэд бол бүр ч үгүй байх. Дээд талд байрлах шүүгээнээс аяга аван, багахан овьёос дээр сүү хийнэ. Энэ бол миний хувьд хангалттай. Яагаад гэвэл өглөө хоосон гарах тохиолдол ч бий.

Өөрийн гэдсийг борлуулаад, буйдан дээр байх үүргэвчээ мөрөндөө тохсоор гэрээсээ гарлаа. Наран ургаж, багахан туяаран харагдах тэнгэр. Гэвч ойр орчимыг гэрэлтүүлэх хэмжээний тод биш. Хөлөө зөөж ядсаар сургуулийнхаа хаалгаар дотогш ороход жижүүрээс бусдаар өөр зүйл үзэгдсэнгүй. Түүнээс ангийнхаа түлхүүрийг аван, шатаар өгссөөр ангидаа очиход хав харанхуй хоосон анги угтана. Нүдээрээ ангиа тойруулан харчихаад суудалдаа очин суугаад, хуваарьт хичээлийн номнуудаа уншин сууна.

Ангийн цонхоор нарны гэрэл тусахтай зэрэгцэн, хүүхдүүд ч эхнээсээ цуван орж ирцгээв. Тэднээс ядарсан, бухимдсан мөн жаргалтай байгаа нэгнийг нь ч олж харж болно. Хичээлийн хонх дуугарахад хүүхдүүд санаа алдацгаасаар хичээлдээ орцгоолоо. Ядарч байсан ч нэгэнтэйгээ хөгжилдөн, энергиэ нөхөж чаддаг завсарлагааны цаг. Гэвч хичээл орох багш нар, хонхны чимээ үүнийг бусниулж орхидог юм.

Дургүй хүрэм хичээл, хатуу ааштай багш нарын үглэлт, ангийн чимээ шуугиан, сургуулийн дүрэм гээд л энэ бүгд үнэндээ залхмаар. Өөрийнхөөрөө байх нөхцөл олдохгүй л болов уу? Энэ бүгдээс холдоод өрөөндөө очиж орондоо хэвтмээр байна. Юу ч бодож санахгүйгээр хүссэнээрээ, хантлаа хэвтмээр санагдах юм. Уйтгартай хичээлийг дууссанг илтгэн хонх гурвантаа дуугарах нь миний бодлыг уншив уу? гэлтэй. Олон цагийн хичээл дуусч, сургуулиас гаран алхах ямар сайхан гээч.

Гэвч нэмэлт сонгонууд бий. Сурагчдын заримд нь амсхийх ч зав гарахгүй бол өөр нэгэнд нь хангалттай чөлөөт цаг байж байдаг. Үнэхээр шударга бус. Гэртээ орж хувцасаа солиод, хөргөгчнөөсөө хөнгөн хоол идэх ч сонгон ороход хэдхэн минут л дутуу тул аль чадахаараа л хурдална.

Дахиад л сургуулийн зүг. Өөр юм ч бодож амжихгүй урдаа байх самбарт анхаарах өөр нэг нэмэлт цаг. Багш нарын яншилт, тоо томшгүй их бие даалтуудтай цугтаа. Гэвч энэ бүхэн миний ирээдүйн төлөө л гэцгээнэ.

Бүрэнхий болж, саран мандсан цагт хүзүүн чилээгээ гаргахыг хичээн, нааш цааш хөдөлгөсөөр автобусны буудалруу явна. Чихэвчээ зүүн, хамгийн хойд суудалд нүдээ анин суулаа. Чихэнд сонсогдох намуухан аяанд багахан бүүвэйлэглэн, зүүрмэглэж явсаар гэрийнхээ хажууханд автобуснаас бууна.

Гэрийнхээ хаалгаар орох агшинд дүү нарын шаагилдах чимээ, зурагтны чанга дуу угтан байлаа. Энэ бүгд намайг бүр их ядрааж орхидог. Хувцасаа солин, гараа угаагаад, ширээн дээр байх оройн хоолоо амтархан идэв. Бүтэн өдөржин хөнгөн зууш, сүүнээс өөр зүйл идээгүй тул цадталаа халбагадана. Хагас цаг ч болов хичээлээс хол байсан намайг гэрийн даалгавар гээч нь цүнхэн дотор хүлээж байгаа. Өрөөндөө орон, гүнзгий санаа алдсаар сандлаа татан, хичээлээ давтаж эхлэлээ.

Олон цагийн турш чимээ шуугиан, давж гарамгүй их даалгавар дунд байх үнэндээ дарамттай санагдах юм. Амрах ч цаг олдохгүй. Тааваараа найзуудтайгаа хөгжилдөж чадахгүй. Ширээний ард хадагдах дэндүү хэцүү. Гэвч би үүнийг гадагш гаргаж үл чадна. Надад тэгэх эрх ч байхгүй. Учир нь би хүүхэд...

Хэдий өвдөж, ядарч, өлсөж цангаж байсан ч томчуудад илэрхийлж болохгүй. Хүүхэд ядардаггүй гэдэг шүү дээ. Гэвч би ядарч байна.

Уйлмаар үедээ уйлж, инээмээр үедээ ч инээж болохгүй. Учир нь томчууд дотор минь юу болж байгааг ойлгохгүй. Толгой дотор байгаа зүйлсээ юу ч бодолгүй гадагшлуулмаар байна.

Өөрийн биедээ ихэдсэн завгүй амьдралтай. Томчуудын их үүрэг хариулцлага хүлээлгэдэг хэрнээ анхаарал халамжаа ч сайн тавьдаггүй зүгээр л нэг өсвөр настан. Унтаж, хооллох ч зав байдаггүй жирийн л нэгэн сурагч.

Гэхдээ би эднийг үзэн ядаж байна. Өсвөр настан байх хэцүү юм.

____________________________________

-Өсвөр насны зарим хүүхдүүдэд өдөр тутамд нь болж байдаг зүйлсийг л харуулах гэсэн юм шүү! Тэгээд таалагдсан бол наад одоо дарахаа мартав аа^^

-Jaehwa

~Oneshots~Where stories live. Discover now