Хийж байгаа бүхэн нь яг хосууд мөртлөө албан ёсоор хосууд болоогүй нь Жон Үёоныг дотроос нь идэж байлаа. Дурлалт Сантайгаа цагийг өнгөрөөх нь туйлын аз жаргалтай байгаа ч хүний шунал гэдэг хэцүү эд юм. Ойртох тусам улам ойртмоор байгаа нь Үёоныг шаналгаж байх аж.Энэ талаар бодон сэтгэлээр унаад явж байхад аз түүний талд байхгүй байгаа мэт зөвлөлийн дарга мөнөөх охинтой хамт зогсож байв. Тамирчин хөвгүүн алхаагаа зогсоогоод тэднийг ажиглаж харвал тэд үнэхээр дотно харагдах бөгөөд сурагч зөвлөлийн дарга хоёрын харилцаатай биш гэдэг нь илт байлаа.
Нүд хорсом дүр зураглалыг харсан Үёоны мөр унжиж тэрээр хүндээр санаа алдаад "Сахиусан тэнгэр гэж байдаг бол яг одоо гарч ирээд намайг энэ уй гашуудлаас гаргаж өгөөч" хэмээн амандаа бувтнахтай зэрэгцэн хонгилын нөгөө талаас "Үёонаааа хайраааа" гэх эрэгтэй хүний чанга дуу цуурайтаж бүх хүний анхаарлыг татаж эхлэв.
Үёон ч гэлтгүй Саны анхаарал Үёоныг хайраа гэж дуудсаар орилох хөвгүүний зүгт төвлөрөв. Түүний сайн мэдэхгүй нэгэн сурагч хөвгүүн инээд алдсаар гүйж ирээд Үёоныг тэвэрч авах нь тэр. Хамгийн дургүй хүрэм зүйл нь Үёон хариу хайраа гэж дуудаад нүүр дүүрэн мишээсэн нь юм. Хэн болчхоод нэг нэгнээ хайраа гэж дуудаад олон нийтийн газар нялуурцгаагаад байгаа юм гэх бодол түүнд төрнө.
Түүний хажууд байсан сурагч охин "Хөөх Ёнжүн буцаад иржээ" ийн биширсэн хоолойгоор өгүүлэхэд зөвлөлийн дарга Үёон болон Ёнжүн гэх этгээдээс харцаа салгалгүй "Ёнжүн?" гэж лавлана. Сурагч охин толгой дохиод "Юу вэ? Та Ёнжүнийг мэддэггүй юм уу?" хэмээн найрсаг байдлаа үл нуун асуухад Сан зүгээр мөрөө хавчив. Саныг ухаантай ч яагаад ийм хөлдүү болохыг гайхсан охин "Чүэ Ёнжүн бол манай сургуулийн бас нэгэн алдартай тамирчин, Үёон тэр хоёр нэг хөл бөмбөгийн баг" гэв.
Чүэ даргын хөмсөг зангирч "Тэгвэл би яагаад Үёоныг энэ Ёнжүн гэх этгээдтэй хамт байхыг хараагүй билээ?" хэмээн дургүйцлээ нууж чадалгүй лавлахад "Ёнжүн гадаад руу бүжгийн тэмцээнд оролцохоор явсан юм" ийн бүхнийг тайлбарлаж өгөөд "Бусдаар бол Ёнжүн Үёон хоёр нэг нэгнээсээ салдаггүй, заримдаа хүмүүс тэднийг хосууд гэж боддог" гэх өөрийнх нь үгс Чүэ Санд хэр хүчтэй нөлөөлж байгааг анзааралгүй хэлж орхив.
Хангалттай гэж үзсэн Чүэ Сан өөрийн чухал царайгаа тодруулсаар Ёнжүнд тэврүүлэн эрхлэх Үёон дээр очоод түүний гараас бариад "Ярих юм байна Жон" гэж товчхон хэлээд түүнийг тэндээс чирч явах бол Ёнжүн бүлтэлзсээр үлдлээ. Түүнийг эзгүй байхад түүний найз болон дурлалт залуугийнх нь хооронд ямар нэгэн дэвшилт гарсан үгүйг сонирхсоор бодолдоо дарагдана.
YOU ARE READING
Basorexia
Любовные романы[Mongolian Fic] Basorexia: The sudden urge to kiss someone.