Чи мөн үү?

3 0 0
                                    

"Тэр залуу Техникийн их сургуульд сурдаг гэсэн. Ямартай ч надад маш их таалагдсан. Өмнө нь уулзаж байсан залуучуудаас шал өөр байсан. Надад хүндэтгэлтэй хандаж байсан. За за чамд таалагдаж байгаа залуу байгаа юм биш биз? Надаас битгий нуугаарай. Заавал хэлнэ шүү. Чамд яг байгаа юм байна л даа. Хэлчих л дээ. Хэн юм?" Саруул Эрхээгийн өрөөг дүүртэл чангаар утасны цаанаас ярьж байлаа. Эрхээ:

"Хэн ч байхгүй ээ. Өөрийгөө яая гэж байж юун хүн бодох, санах. Чи харин наад олон залуучуудынхаа учрыг ол" гэж хэлээд инээд алдан Саруул руу харав. Саруул хариу инээмхийлээд "За ямартай ч маргааш хоёулаа амьд хөгжмийн жижигхэн тоглолт үзнэ шүү. Миний таньдаг залуугийн 2 найз нь хамт ирнэ. Яриа өдөөд хөгжилдөнө шүү чи. Битгий дуугүй суугаад байгаарай. Би маргааш очиж хувцасыг чинь сонгоно. Окей?" гэж хэлээд хариу хүлээлгүй шууд утсаа тасалж орхив. Эрхээ хэлэх гэсэн үгээ залгиад сууж байтал утсанд нь мессеж ирлээ. Нээж үзвэл "Эм ээ уухаа мартав аа!" гэж Саруулаас ирсэн байв. Эрхээ амьд хөгжимд дуртай хэдий ч өөр хүмүүстэй хамт байна гэж бодохоор таагүй байх байхдаа, бас гэнэт өвдчихвөл яах вэ? гэж санаа нь зовж байлаа. 

Түг таг, түг таг... Нарийхан өсгийтэй гуталны хослон дуугарах чимээ ойртох нь дуулдлаа. Сүлдээ Бархасд хандан:

- "За чи тэгээд дүлий дүмбэ оргиод төв царайлаад суугаад байв. Аятайхан санаачлагатай байгаарай. Бас наад дэвтэрээ цүнхэндээ хий" гэж хэлээд урдаа байгаа шилтэй шар айрагнаас залгилав.

-"За дуудаж авчирсан нь чи болохоос би хүссэндээ ирээгүй шүү. Ойрд амьд хөгжим сонссонгүй, найзуудтайгаа сууя гэж бодсоор ирсэн юмсан. Гадны хүмүүсээр яах юм бэ?" гэж Бархас цааргалангуй хэлээд тамхи асаалаа. Тэдний яриаг дундаас нь эвдэн Содоо:

-" Хөөе хөөе хоёроо ирж байна шүү" гээд тэд биеэ засан охид ирэхийг харан суулаа. Сүлдээ Бархас хоёр хар багын найзууд ба сонирхол эрс тэс ондоо хэдий ч ямар ч үед биенээ хаяж байгаагүй хоёр. Сүлдээгийн аав ээж бэл бэнчинтэй ч бусад баян хүмүүс шиг онгироо сагсуу зангүй, төлөв даруу ухаалаг хүмүүс ажээ. Хурц үнэртэй ус түрхээд мэдэхгүйн өмнөөс ч харц бардам зогсож чаддаг Сүлдээгийн сэргэлэн, өөртөө итгэлтэй занг найзууд нь андахгүй. Харин Содоо бол тэр хоёртой ёстой л нэг заяагаар учирсан гэнэн цайлган, даруухан залуу. Тэр хэвлэлийн газар ажиллах бөгөөд Бархастай яг тэнд, ном хэвлэх үеэр танилцаж түүнээс хойш нэг ч салаагүй юм. Сүлдээ Содоо хоёр их сургуулийн сайн найзууд ба оюутан насаа хоёр биегүйгээр төсөөлж чаддаггүй билээ. 

Өндөр туранхай царайлаг хоёр охин сууж буй хүмүүсийн харцыг дагуулан урд нь ирж зогсов. Содоо сандран босоод "Нааш аа, энд суучих" гээд сандлыг нь засаж өгөөд ширээнд урьлаа. Сүлдээ:

-"За танилцах уу даа. Намайг Сүлд гэдэг. Сүлдээ гээд дуудаж болно" хэмээгээд Эрхээгийн гараас барьж мэндлэв. Содоо мөн яг үүний адилаар танилцаад Бархасыг мөрлөн нүдээ анивчив. Бархас тамхиа зуусан хэвээр:

-"Намайг Бархас" 

-" Сайн уу? Намайг Саруул, энэ манай найз Эрхээ" гээд түүний зүг харахад Бархас тамхины утаандаа хахав. Сүлдээ түүнийг шоолон инээж "Сайхны өмнө хахаж цацаад бүдүүлэг байна шүү. Саруулаа найзыгаа сайн харамлаарай" гэж хэлээд хөхрөн суув. Бархас Эрхээгийн нүднээс харцаа салгаж үл чадан сандарсандаа аягатай шар айрагнаас том том залгилав. Тоглолтын үеэр дуугаа тас хураасан Бархас Эрхээ хоёрыг хэн ч анзаарах сөхөөгүй байв. " Яг тэр нэг нууцлаг харц мөн байна даа. Яах аргагүй мөн. Намайг танихгүй байгаа байх даа. Ингээд харсан чинь ямар хөөрхөн юм бэ?" гэж Бархас бодоод цүнхээ онгойлгон тамхи авах хооронд дотроос нь өнгөлзөх хар хүрэн хавтастай дэвтрийг Эрхээ харж амжив. 

Until you get marriedWhere stories live. Discover now