Нулимстай дурсамж

22 3 0
                                    

Б.Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү" гэж билээ.

...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь "Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна" гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.

Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.

Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн "аавын минь алдаа" энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.

Memento Mori/VivereWhere stories live. Discover now