- Лиз алив ээ хаалга онгойлго.
Жижиг хоёр гар цүнхэндээ би хувцсаа замбараагүй чихэж байхдаа Маркусын уучлалт гуйсан, зарим талаараа намайг буруутгасан утгагүй яриаг аль болох сонсохгүйг хичээж, яг л түүнийг энэ хорвоо дээр байгаагүй юм шиг аашлахыг илүүд үзсэн ч, миний ямарваа нэгэн зүйлсийн ардаас бууж өгөлгүй тэмцдэг зан минь энэ хэрүүлийг улам дэвэргэсээр байлаа.
- Үгийн сонголт чинь буруу байна. Энэ чиний хаалга биш. Энэ гэрт юу ч чамд харьяалагддаггүй Маркус. Ямар нэгэн юм өөртөө хамаатуулахыг хүсэж байвал явж нохойгоо л тэг.
Уур бухимдал эцэстээ тулж, зүрх цээжнээс минь гараад ирэх нь үү гэлтэй цохилоход би тайвшрах гэж хичээж байв.
Одоо тайвшрах хэрэгтэй Ийв. Энэ бүхэн нэгэнт болчихсон. Чиний мэдэхийг хүссэн үнэн хаалганы цаана ирчихсэн байхад чи өөрийгөө ингэж зовоох хэрэггүй. Нүүр тулж уулзаад бүхнийг дуусга.
Би эрүүл ухаанаар сэтгэж, тайвнаар бодохыг хүссэн ч нөхцөл байдал үнэндээ эрүүл биш байлаа. Энэ чинь эрүүл биш шүү дээ. 4 жил үерхсэн залуугаа өөрийнхөө гэрт, тэгээд бүр хайрлаж дурлаж авсан буйдан дээр минь сайн найзтай минь загас наадуулж байхыг харах чинь эрүүл биш. Ядаж л миний хувьд тийм биш. Бусад хүмүүст хэвийн үзэгдэл мэт боловч энэ бол миний хувьд хамгийн аймшигтай мэдрэмж. Ширхэг үсэг ч гээлгүй хамаг нууцаа ярьдаг найз, хаа ч явсан үргэлж л бодолд байдаг тэр залуу. Амьдралд минь олон хүмүүс оршоод байдаггүй ч, минийх гэх тодотголтой хоёр хүн минь нийлж байгаад намайг хуурсанд шаналахгүй байж яаж чадах юм.
- Лиз алив ээ, энэ нээх сүртэй зүйл биш шүү дээ. Америкт минут тутамд л араар тавилт болж л байдаг.
Өрөөнд минь байх түүний хэдэн цамцыг хаалга нээн ууртай гэгч нь түүн рүү шидэхэд над руу гайхаж харав. Цамц шидүүлэх төдийд л гайхаж буй түүний царай намайг араар тавьсан бол ямар харагдах байсан бол? Инээд хүрмээр юм.
- Наад нээх сүртэй зүйл биштэйгээ хамтдаа миний амьдралаас тонилж үз.
- Лиз хүлээ л дээ, хоёулаа ярилцъя.
- Ярилцъя гэнэ ээ? Энэ олон сар жилийн хугацаанд чи хаана байсан юм? Яагаад одоо гэж? Надад хүнд хэцүү, зовлонтой, уй гашуу тохиолдсон үеүдэд чи хаана байсан юм? Чи миний дэргэд байгаагүй. Чи надтай ярилцаагүй. Чи намайг сонсоогүй. Хамгийн хэрэгтэй үед минь чи миний дэргэд байгаагүй. Магадгүй чи Клейртэй уулзаад завгүй байсан байх. Одоо надад хамгийн хэрэггүй үедээ хэрэгцээтэй юм шиг аашлахаа боль. Намайг үүнээс илүү битгий эмтэл. Одоо дахиж надад бусдын үг даах сэтгэлийн тэнхээ үлдсэнгүй. Ойлгосон уу? Хамтдаа өнгөрүүлсэн дурсамжуудаа ядаж үнэн гэж бодоод амьдрах болохоор нүдэнд минь дахиж битгий үзэгдээрэй.
