Тод гялбах гэрэл рүү орох үед яах аргагүй нүдээ анин хэт их гэрлээс халхлах гэж оролдов.
Гэтэл гэнэт л чихэнд "Үхлийн цагийг нь бүртгэсэн үү?" , "Гэр бүлийг нь тогтоож амжсан уу?, холбоо барьсан хүн байна уу?" гэх зэрэг эмч нарын яриа бололтой үгсийг бүдэг бадаг сонсон нүдээ нээлээ.
"Э-Эмчээ!!! Нү-Нүдээ нээчихлээ!!!" хэмээн айсандаа орилох эрэгтэй сувилагчийн дуугаар эмч нар над дээр гүйлдэн ирэв.
Би яг л тэр сувилагч шиг өөрөө хүртэл дэндүү ихээр цочирдсон байдалтай байлаа.
Энэ үед "Бүсгүй! Намайг сонсож байна уу? Наашаа хараарай" гэх эмч нарын заавар бүхий үзлэгийн үгс сонсогдож намайг тойрон олон эмч тонгойн харна. Харин би саяхан туулсан зүйлс минь бодит байсан уу? эсвэл зүүд байсан уу? гэдгийг ялгаж чадахгүй төөрөлдөнө.
"Амьсгалын төхөөрөмжийг нь залга!"
"Зүрхний бичлэг хийе"
"Амин үзүүлэлтүүдийг нь хэлээд өгдөө!" гээд л эмчийн зааварчилгаа үргэлжилж өрөөгөөр нэг үймээн, хөл хөдөлгөөн болно. Бас над руу тонгойж харсан хүн бүр л сүнс сүг харсан мэт царай нь хачин болчихсон, илт айсан байдалтай байгаа нь надад мэдрэгдэж байлаа.
Биеэс минь салгаад тавьчихсан байсан бололтой олон янзын тоног төхөөрөмж, тариа дуслыг эргээд биед минь залгав. Энэ зуураа эмч нар нэг үзсэн юмаа дахин дахин үзэж, бас болоогүй ухаан санаа минь хэвийн байгаа үгүйг шалгах мэт нэг асуусан зүйлсээ дахиад л асууна.
Би шууд босоод л бүгдийг яриад өгмөөр байсан ч хамаг бие минь өвдөж, нүдээ ийш тийш хөдөлгөхөөс бусдаар илүү дутуу хөдөлгөөн хийж чадахгүй байв.
Юм дуугарч чадаагүй болохоор зүгээр л аль нь үнэн, аль нь бодит болохыг эргэцүүлэн хэвтэж байх зуур минь өрөөний хаалга нээгдэн цагдаа бололтой дүрэмт хувцас өмссөн хүн орж ирээд "Өвчтөний бичиг баримтыг олсон. Бас байрлаж байгаа газар, гэр бүлийг нь тогтоосон байгаа. Пак Инбинь, 31 настай. Солонгос улсын иргэн. Загварын долоо хоногт урилгаар оролцож байгаа хүндэт зочин юм байна. Royal зочид буудалд байрласан. Нэр нөлөө бүхий хүн байсан учир бид гэр бүлийг нь ядах юмгүй олсон. Одоо тэд ирж байгаа" гэх зэргээр хувийн мэдээллийг минь хэлнэ.
Энэ үед түрүүнээс хойш эмчилгээ, үзлэгийг ахлах явуулж байсан эмч "Сайн ажиллаа та бүхэнд баярлалаа" гэхэд
Цагдаа "Зүгээр дээ, одоо гэр бүлийнхэн нь ирэхээр цогцсыг-" гэснээ над руу харан цочирдсон бололтой хойш ухраад