Намрын шар нар туссан ургамал бүрээ гунигтайгаар гундаан, шарлуулж байв. Газрыг бараадан тэвэрч хэвтэх навчис, тэднийгээ гунигтай нь аргагүй тасарч унахыг харж буй моддыг аргадах мэт салхи зөөлөн илбэнэ.
Ийм л намуухан өдөр цэцэгнээс ч үзэсгэлэнтэй, тэнгэрээс айлчилж ирсэн мэт сахиусан тэнгэрийн ауратай нэгэн залуу гэртээ кофе найруулан цагаан хувцастай нэгэн дуу аялан зогсоно. Кофегоо үнэртэн тааламжтай нь аргагүй инээмсэглэснээ эхнэртээ өгч байв. Түүний эхнэрийг Хеми гэх бөгөөд 28 настай бие давхар эмэгтэй аж. Одоогоор дөрвөн сартай үр хэвлийд нь бойжиж буй.
Харин сахиусан тэнгэр шиг залууг Юн Жонхан гэнэ. Богино бор үсний засалттай, цас мэт цагаан арьс, урт сормуустай, том алаг давхраатай нүдтэй 28 настай залуу аж. Эхнэрээ кофегоо амтархан уухыг харах харцнаас нь хайр мэдрэгдэнэ. Энэ мөчид хаалганы хонх дуугарах чимээ гарлаа.
Хаалга онгойлготол албаны хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хайрцагтай зүйл барин зогсож байв. Эмэгтэйг нь Америк хүн болов уу? гэж анх бодлоо. Гэтэл эрэгтэй нь түрүүлж ам нээн
- Сайн байна уу? Ноён Юн Жонхан мөн үү?
- Тийм ээ. Хэн билээ?
- Уучлаарай. Амралтын өдрөөр чинь саад болсон бол дахин өршөөнө үү.
- Зүгээр дээ. Ямар хүмүүс вэ?
- Бид тантай ярилцах хэрэг байна гэснээ ардаас нь аягатай кофе барин ирэх эхнэрийг нь харснаа өнөөх гадаад хүн гэж бодож байсан эмэгтэй “Зөвхөн тантай ярилцах хэрэгтэй байна. Та бидэнд 30 минут зав гаргаж болохсон болов уу?” гэв.
“Ойлголоо” гэж гайхсан харцаар хариулаад “Байрны буланд Каррот гэх кофе шоп байгаа. Тэнд хүлээж байх уу? гэж хэллээ.Хаалга хаагдахад юун хүмүүс, ямар хэргээр ирснийг эхнэр нь лавлаж эхлэв.
-Мэдэхгүй байна. Би ч өөрөө гайхаж байна.
- Тэр хайрцагтай зүйл барьчихсан байсан. Тэрэнтэй холбоотой юм болов уу?
- Мэдэх юм алга даа.
- Арай... Эмээгийн чинь өвлүүлсэн зарим алтан эдлэлүүд юм болов уу? гэж хэлэхэд нүдэнд нь шуналын оч зэрвэс гялалзав. Бодолд дарагдсан Жонхан үүнийг үл анзааран гарахаар зэхэж гадуур хувцсаа өмсөж байлаа. Гарахын өмнө эхнэрийнхээ духан дээр үнсээд, үл таних хоёр хүний араас гарав.
Кофе шопод Жонханыг орж ирэхэд гунигтай нүдээр хайрцаг ширтэж, хоорондоо шивнэлдэн ярьж байснаа болин босож мэндэллээ. Эрэгтэй нь сандал дээр нуруу цэхлэн суугаад
- Эхлээд өөрсдийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү. Дэгү дэх “Жаргалтай инээмсэглэл” хүүхдийн асрамжийн газрын, хүүхдийн боловсрол хариуцсан менежер Ий Чан. Харин энэ ажилтан маань 3-5 настай хүүхдийн анги хариуцсан багш Чой Хан Гёл буюу Софиа.- Намайг Юн Жонхан гэснээ юу хэлэхийг нь тааварлаж чадахгүй харж байлаа.
- Бид хатагтай Пэг Жинхигийн өмнөөс явна аа.
Энэ нэрийг сонсоод Жонханы нүд улам томорч, зүрх нь хурдан цохилж, гар нь салганахыг мэдрэв. Хоолой нь зангирсан тул хэд ханиасан болоод түүнийг хаана байгааг асуув.
- Хатагтай Пэг Жинхи таван жилийн өмнө нас барсан. Ийм мэдээ дуулгаж байгаад уучлаарай.
- Юу? Яаж тэр вэ? Биш ээ. Юу болсон юм бэ? Харцанд нь гунигийн сүүдэр туссан харагдана.
- Төрөхийн хүндрэл гэж Хангёл хэлээд хайрцагтай зүйлийг ширээн дээр гулгуулан өгөв. “Энэ хайрцагт байгаа зүйлсийг ганцаараа үзнэ үү. Тэгээд дараа нь ямар шийдвэр гаргахаа бидэнд эргэж холбогдоод хэлэхэд болно” гэлээ.
Жонхан хайрцагтай зүйлийг ширтэж байснаа “Тэр бие давхар байсан хэрэг үү?” ингэж асуухдаа анхны хайр байсан эмэгтэйгээ жирэмсэн байхдаа ямар харагдаж байсан тухай төсөөлж байв.
Ий Чан түрүүлж сандлаасаа босон булчинлаг гараа сунган гар барьснаа хоёр нэрийн хуудсаа өглөө. “Таныг холбогдохыг хүлээж байя” гэснээ явцгаалаа.Тэднийг явсны дараа 20 минут орчим хайрцгийг ширтэж сууснаа утсаа гарган эхнэр лүүгээ залгалаа.
- Эхнээр би яаралтай томилолтоор хэд хоног явах хэрэгтэй болчихлоо.
- Томилолт оо? Гэнэт үү? Хувцас хунараа бэлдэхгүй юм уу?
- Хэрэггүй ээ. Байгууллагаас бэлдчихсэн гэнэ. Одоо яюлаа гэж хэлэхээр залгасан юм.
- Нөгөө хүмүүс юу болсон бэ?
- Дараа тэр талаар ярьцгаая. Тасаллаа шүү
Утсаар ярьж дуусаад халаасандаа хийснээ хайрцагтай зүйлийг барин гэрийнхээ эсрэг зүгт байрлах зочид буудалд өрөө аван орлоо. Нэг хүний орон дээр суугаад хайрцгийг задлахад хамгийн эхэнд тэр хоёрын инээмсэглэн хамтдаа даруулсан сурагч формтой зураг хэвтэж байв.