Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар.
-Байна уу?
-Байна, аавын охин сайн уу?
“Аавын охин”. Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа.
Анх намайг ижийнхнээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.
Ингээд би гэдэг хүн энэ орчлонд мэндлэхэд ээжийн минь аав гар дээрээ өргөн угтсан. Гэрт төрсөн хүүхэд, гэнэт олдсон эрдэнэ хэмээн гал голомт дээрээ төрсөн ганц охиныхоо хүүхдийг газар тавилгүй гурван нас хүргэсэн. Хамаатан саднууд нь “ямбатай хүүхэд” гэхэд “миний охин чинь их сайн хүн болно,” гэж шөнө босон тосон шээлгэж, өглөө нь хоргодсоор гарч яван орой яаран яаран ирдэг байсан аав минь.
Эрх ямба хоёр нь дэндээд тэр үү хэлд орсон хэрнээ хөлийнх нь ул өөхлөөд хөлд орж амжаагүй жаахан охиноо орхиод буугаа үүрээд анд явсан тэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг.
Гэтэл удалгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод “аав аа” гэж дуудсан боловч хэн ч түүнийг “аавын охин” гэж тэврээд үнсээгүй.
“Аав аа” гэж дуудан уйлж муу эмээгийнхээ зүрхийг хичнээн их зүсээ бол, эмээ минь хичнээн удаа нулимсаа нууж арчаа бол...
Дараа нь ээжтэй минь ханилж хөтлөөд алхах хөөрхөн дүү нартай болгосон тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Үймүүлэн тоглоход харцаараа эсгэж, алсаас морьтой ирэхэд нь бүдчин бүдчин тосоод гүйсэн ч “аавын охин” гээд ташуураа ч болов өгөөд явуулаагүй.
Арван жилийн сургуулын босго алхаж гэзгэндээ улаан туузтай цүнх дүүрэн ном, дэвтэр дүүрэн “онц”той гүйж явахдаа аавдаа хөтлүүлээд харьж байгаа хүүхдүүдийг хараад бэлэн нулимстай, үлгэрт дуртай эмээгийн тавиул би уруу царайлан харьдаг байсан.
Ийм дурсамжийн хэлхээн дундаас намайг аав гээд дуудах хүний дүр ердөө ч санаанд орж ирсэнгүй.
Би утсаа чихэндээ наагаад
-Аа сайн сайн, та чинь
-Өө би Баяраагийн аав байна аа, миний охин тэгээд ажил төрөл нь сайн уу?
Орчлон хорвоо хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч эргээд дүүргэдэг өгөөмөр аж.
Тиймээ энэ хүн бол миний аав, миний хайртай хүний аав.
Хэрвээ буурал аавыг минь аваад явчихсан бурхан одоо намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслуулж хайрлаач...
Одоо би “аавын охин”.