Цаг оройн 18:00 болсон байлаа. Баасан гараг учир бор өнгийн хүрэмээ өмсөөд дуурийн зүг уйтгар гунигаа гээчихсэн алхаж явна. Сэвэлзэх хүйтэн салхинд Улаанбаатар хотын минь нэгээхэн хэсэг болох багшийн дээдийн өргөн чөлөө дүнсийн байх шиг. Цийлгэр цонхны цаана халуун кофе, өнгө өнгийн бялуу, хэсэг хүмүүс шаргал гэрэл дор сүүмэлзэнэ. Уг цонхны цаана болж буй бүх үйл явдал яагаад ч юм дулаахан бөгөөд гэгээлэг. Хэсэгхэн зуур би дотроо саруулхан цонхтой байшин авнадаа гэж бахдан инээмсэглэв. Учир нь уйтгарлан алхаж буй хэн нэгэн саруулхан цонхны минь хажуугаар яг над шиг инээмсэглэн өнгөрөөсэй гэж хүссэн хэрэг. Гундуухан ийм өдөр хүмүүсээс нуугдаж амьд байгаагаа мэдрэвч халаасанд буй бүжигэн жүжгийн хоёр тасалбар тэр бүсгүйд хичнээн итгэл төрүүлснийг минь гэрчилнэ. Цээжний ёроолд улаан туннелийн хөгжимчин өвгөн юунд ч юм итгэсээр чин сэтгэлээсээ хөгжимдсөөр....Үүнийг сонсмогц цөхрөл, баярын дуу хоолой пинк флойдын ертөнц рүү уусан орох мэт. Хордсон сэтгэлийн гүн рүү ерөндөг мэт гулсан ороод бүрэлзэн сүүмийх нүдийг ахин цэвэр тунгалаг болгож уяралыг сэрээх шиг. Гомдлоор дүүрэн байсан хууртаж шархалсан сэтгэлийг эгшиглэн тайтгарах шиг. Ингэхэд энэ аялгуунд хүмүүс хаашаа яарна вэ? Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ хүн бүхэн мэддэг. Дуу хоолой, алхаа нь ингэж ганцхан өндөрсөөд л ахиж хоорондоо дуугарахгүй, ахиж хэн хэнрүүгээ тэмүүлэхгүй гэж хэн ч санаагүй дээ. Бүх зүйл ердөө л дэс дараалал юм шиг, бүрхэг тэнгэр хэзээ нэгтээ цэлмэдэг шиг. Ээлж төдий шатаж буй зуу зуун ном шиг, шаналж буй бүсгүйн дуу хоолой шиг ажээ. Олон таваар зүйл бодсоор дуурийн үүдэнд хэдийн иржээ. Хүмүүс холхилдсон энэ газар урлагийн их сүм ба миний сэтгэлдээ бүтээсэн модон байшинг дулаацуулах мэт. Жүжиг эхлэх дөхсөн тул эргэн тойронд ярилцах хүмүүс танхим руу уусан орсоор байлаа. Улаан хөшиг, сүлэлдсэн хээ угалз миний хайрлаж зүрхлээгүй сайхан зүйлс мэт. Амьдралын минь уярамаар, хайрламаар, харуусмаар мөч бүхэн энэ театрын ханан дээр хөвөрсөөр байхыг ажиглан зогстол цаг 19:30 болсон байв. Хэн нэгнийг хүлээж буйгаа сая л анзаарав. Энд ер нь яах гэж ирсэн, хэнд зориулж зангиа зүүснээ өөрөө ч ойлгохгүй байгааг, энгэрт минь эвхээстэй хоёр тасалбар илтгэж байлаа. Үнэндээ уянгалаг эгшигнээс гарах хөг, түүнийг сонсох бүсгүйн инээмсэглэлийг мэдрэх гэж, сэтгэлд нь ямар төдий роман бүтээгдсэнийг л унших гэж энд зогсож байгаа юм. Ямар нэг зүйл нууцлаг хэвээрээ үлдэх нь хэний ч мэдэхгүй арал дээр сүндэрлэх гэрэлт цамхагтай адилхан санагдаж орхив. Дуурийн театрын эргэн тойронд хүмүүс багасаж тэнгэр харанхуй уйг илтгэв...Цаг оройн 21:00 болсон байлаа.
20/4/2017