Тамхины утаатай бүгчим өрөө
Тамшаалж угсарсан тэрхэн хормууд
Танилын холбоотой бүсгүйн яриа
Таны мэдэхгүй тэр түүхүүд...
-Байна уу?
-Байна, өөрөө хэнтэй ярих уу?
-Чамтай.Дугаарыг чинь танил найзаас чинь авсан юм.
-Өөрөө хэн билээ.
-Төгөлдөр.
-Өхх, сайн уу? Таньсангүй уучлаарай.
-Өнөө орой завтай юу?
-Завтай.
-Танайх руу яваад очъё. Болно биз дээ.
-Аан, юу болно. Тийн, болно.
-За, тохирлоо.
Бүсгүйн тэвдэж сандарсан дүр төрх нүднийх нь харцнаас илхэн харагдана. Утсаар ярихдаа гараараа оролдож асан тамхиа шаландаа унагаж үнсний ором тогтчихвий гэсэндээ бушуу авч цонхоор чулуудав. Нар 12 давхар байрны ард орохтой зэрэгцэж тамхины үнсээ цэвэрлээд энд тэндгүй хөглүүлж орхисон эрээчиж балласан цаас, таглаа нь хаашаа орсон юм мэдэхгүй шар тосон бал зэргээ эмхлээд бараг дуусч байсан зохиолынхоо гар бичвэрийг харин төмөр хогийн саванд хийж чүдэнз зураад үнс болтол шатахыг нь ажив. Ханан дахь анивчдаг гэрлэн дундаас түүний хөгжилтэй нь аргагүй өнгөрүүлсэн тэр л агшинууд өөрийг нь ширтэн байв. Гэвч тэр дунд өөрийх нь дугаарыг Төгөлдөрт өгсөн найз нь байвч бүсгүй даанч мэдсэнгүй. Энэ өдөр бүсгүйн эцэг эх лагер луугаа явсан тул тэрбээр ганцаар үлдэж Төгөлдөр түүнийг нь мэдсэн аятай тааруулж залгажээ.
Хаалганы хонх дуугарахад бүсгүйн сандрал улам илэрч зүрх нь бүр ч хүчтэй цохилно.
-Чамайг манайх руу гарах даа залгана гэж бодлоо. Бас л манай найз хэлчихсэн үү?
Бүсгүй хариу нэхэж ядсан асуултаа асуучихаад бага зэргийн айдас мэдэрч шүлсээ залгин эргэж харах зуурт бүсгүйн хоолойнд хутга тулж хүйтэн хөлс нь хормын төдийд эмзэгхэн арьсыг бүрхэв.
-Би чамд сануулсан. Өнөөдөр чи үхэдгээрээ үхэж би аллагынхаа тоог нэмнэ.
Хутганы ирний ором бүсгүйн хоолойг шүлсээ залгих бүрийд чимх чимхээр шүргэж цус гарахад энүүхэнд хүрэв. Харц нүд нь нэг газраа тогтож ядан айдаст автана.
-Магад чи намайг мэдсэн. Гэхдээ чамайг амархан алчихмааргүй байна.
Төгөлдөр бүсгүйн хоолойнд хутгаа тулгасан хэвээр аль өрөөнд унтдагийг нь заалгуулж ор луу нь шидэв. Төгөлдөр хаалгыг түгжихийг завдах төдийд бүсгүй араас нь түлхэж хаалгаар гарахыг завдлаа. Тэрхэн агшинд Төгөлдөр хутгаараа бүсгүйн шилбийг зүсч газар унагахад бүсгүйн нүд аяганаасаа тулах мэт зог тусч хүчтэй орилов. Төгөлдөр бүсгүйн амыг цаг алдалгүй тагалж ахиж дуу гарахааргүй болтол амыг нь боож гарыг нь хүлээд орон дээр суулгалаа.
Нарны туяа гаднах үзэмжийг шар улаанаар будах цагаар Төгөлдөр цонх руу харан зогсох зуураа:
-Чи үүнийг харж байна уу? Бид багаасаа л нарыг шар өнгөтэй адилтган зурдаг байсан. Гэвч яг үнэндээ би нарыг улаанаар эрээчдэг байсан юм. Учир нь энэ л цаг надад өөрөөрөө байх ганц цаг минь байсан. Энэ миний үнэн төрх. Ямар ч илүү дутуу хачиргүй. Гэхдээ чи одоо миний үнэнг авч одох болно.
Төгөлдөр бор шаргал хөшгийг татаж нарны тусгалаас өөрийгөө зайлуулаад бүсгүй рүү эргэж харан:
-Чамайг хэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэр хар. Ганц мэддэг байсан хүн чинь чамайг барьж өгсөн. Тэрнийг хараач дээ, чиний хажууд чамайг тэврээд инээчихсэн тэр охин. Түүнийг Минжин гэдэг. Чамайг яаж үхсэнийг түүнд ярьж өгнө өө.
Карманаасаа хайрцаг тамхи гаргаж ирээд ширээнд тавьж амандаа нэгийг зууж асаагаад утааг нь бүсгүй рүү гаргахад таатай сайхан. Харин бүсгүй утаанд нь ханиалгаж Төгөлдөр лүү хорслын харцаа шиднэ.
Төгөлдөр өрөөнд байсан модон сандал дээр сууж нэг, дороо хэд тойрч бүсгүй рүү хялам хийхдээ ч тэр тамхиа угсруулан татсаар тамхины утаанд чийдэнгийн гэрэл улаастлаа ассанг анзаарав. Тэр чийдэнг тойрч хэд гурван жижиг дэнгийн эрвээхэй нисэлдэх аж.
-Хөөе, чи нэг сорох уу? Миний сонирхол буурчихлаа.
Бүсгүйн аман дахь алчуурыг тайлж тамхи асаан зуулгахад бүсгүй амьсгал авч нүдээ анин тамхийг сорохдоо тэнд жинхэн тайтгарлыг олов. Хүйтэн хөлс нь нулимстай нь холилдож хатаж хагарсан уруулыг дэвтээж цаашлаад тамхи руу урсан гашуун хэрнээ хэзээ ч мартаж чадамгүй тэр амтыг мэдрүүлээд амнаас гарах утаатай хамт агаарт сарнив.
Бүсгүйн эцэг эх 3 хоногийн дараа ирэх хүртэл хэвлийндээ 5 удаа хутгалуулсан бүсгүйн цогцос тамхиний утаа болон 3 эрвээхэйтэй хамт анир чимээгүйг хаанчилсаар байж.