II: "Шуурга"

1.8K 350 58
                                    

Note: Тайван, удаанаар уншаарай~

-Риза-

Далайн давалгаа, цахлай шувуудын өвөрмөц чимээ онгойлтой цонхоор орж ирэн бүхий л өрөөгөөр тэнүүчилнэ... Булан тохой бүрт очин ойсоор, эцэст нь чихэнд минь хүрнэ... Бүрхэг тэнгэрийн дор далай сааралтан харагдаж, сэтгэлийн гүн дэх багахан түгшүүр дотор жирвэлзүүлэх ажээ. Өнөөдөр далай тийм ч сайхан ааштай биш байв. Хүчтэйгээр давалгаалж, сааралтан харагдах нь арал руу маань хөмсөг зангидан харах мэт санагдана.

-Риза!

Нэрээ сонсмогцоо би цонхны хажуунаас бушуухан шиг холдож гадагш гаран гүйлээ. Гадаа гарахад дотор байснаас илүү чийглэг, сэрүүн агаар угтан авч хамаг бие дагжин чичрэв. Далайн салхи өмссөн сул өмд, цамцыг минь дэрвэлзүүлж, хацар зөөлнөөр илбэнэ. Тэр хэдхэн хоромд би энэ мэдрэмжинд өөрийгөө гээх шиг болов. Гэвч буцан сэхээ орохдоо чийглэг агаар шуналтай гэгч нь уушгилаад усан үзмийн талбайн зүг гүйлээ. 

Удах тусам тэд уурлах болно. Харин би тэднийг уурлуулмааргүй байна.

Үхэл амьдрал минь үүнээс л шалтгаалж буй мэт гүйсээр хэдхэн хормын дотор би усан үзмийн талбайд хүрэв. Талбай руу орохынхоо өмнө би нимгэн ултай жижиг шаахайгаа тайлан бариад усан үзмийн талбайдаа ажиллаж байгаа аав ээжийн зүг хөл нүцгэн харайлгалаа. Намайг хармагцаа тэд инээмсэглэн угтаж авахгүй нь мэдээж. Гэсэн ч тэдний зүг яарахаа больж чадсангүй.

Хамгийн түрүүнд аав намайг олж харлаа. Тэгмэгцээ өтгөн хар хөмсгөө зангидаж,

-Яасан олон удаа дуудуулдаг юм? Шөнөдөө шуурга болох сураг гарчихаад байхад талбайгаа хамгаалъя гэж бодохгүй байна уу? Хэнэггүй юм... Эмэгтэй хүнээс л гарах үйлдэл дээ хэмээн зэвүүцэнгүй хэлэхэд ээж минь,

-Чамайг дуурайсан болоод л тийм байхгүй юу! гээд,

-Талбайн хагасыг нь шуурганд бэлдчихсэн. Одоо хагас нь л үлдсэн. Цаанаас хэрэгтэй юмнуудаа аваад хурдан хөдөлж эхэл! Шөнөөс өмнө амжих ёстой. Шуурганаас болж нэг л мод сүйддэг юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй хэмээв.

-Мэдлээ, эзэгтэй...

"Эзэгтэй" гэх үгийг сонсмогцоо ээж минь сэтгэл нь ханасан аятай амьсгаа гаргаад аавын хамт жижиг модон байшингийнхаа зүг явж одов. Харин би тэдний хэрэглэж байсан элдэв зүйлс дунд ганцаар хоцорлоо. 

The Edge Of The SeaWhere stories live. Discover now