Бүсгүйн зурвас жүжгийн тэмдэглэл: Эрх чөлөөг эрх мэдлээр сольсон гэмтэн

11 0 0
                                    

2019 оны 3 сарын 1нд зохиолч Өлзийтөгсийн бүтээл найруулагч Наранбаатрын найруулга "Бүсгүйн зурвас" жүжгийг үзэн сонирхлоо. Өмнө нь хэд хэдэн удаа жүжиг үзэж байсан ч жүжгийг нээлтийн үеэр үзсэн минь анхынх байсан юм. Анх драмын театрт ороход л сонгодог хийл, хуурын аялгуу тосон угтсан юм. Жүжиг үзэхээр ирсэн ихэнх хүмүүс голдуу эмэгтэй хүмүүс байсан бөгөөд ихэнх нь гартаа баглаатай цэцэг барьчихсан, нүүрэндээ мишээсэн харцтай байсан нь нэн таатай санагдсан юм. Жүжиг ч эхэллээ... Жүжгийн тайз засал чимэглэл маш содон байснаас гадна жүжгийн зохиол өөрөө орчин үеийн бидний нийгмийн толь болж чадсанаараа бүүр ч сонирхолтой байв..."Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа" гэдэг монгол хэлц үг уг жүжгийн гол санааг илтгэх аж. Нөгөөтөөгүүр сэтгэл зүйн үүднээс бага насандаа хайр халамжаар дутуу өссөн хүн өөрөө насанд хүрсэн хойноо бусдыг яаж, хэрхэн хайрлаж энэрэхээ мэдэхгүй болдог аж. Жүжгийн гол дүр болох Архай хэмээх эр улс төрийн амьдралд гүн орж, тэндээ худал хуурмаг дотор амьдрах болсон аж. Түүнд үнэн гэж огтоосоо байхгүй. Архайгийн хувьд юу хүчтэй вэ? Эрх мэдэл, мөнгө хүчтэй. Юу үнэн? Эрх мэдэл, мөнгө л үнэн. Түүнд өөр юу ч үнэн биш болсон. Худал хуурмаг дотор өөрийгөө гээсэн Архайгийн хувьд эрх мэдэл л өөрийнхөөрөө байх цорын ганц эрх чөлөө гэж бодож явсан ч үнэндээ тийм байгаагүй. Эрх мэдэл хүнд эд хөрөнгө, баялагийг өгдөг ч төлөөсөнд нь хайр сэтгэл, үнэнч зан, итгэл, аз жаргалыг өөрөөс тань булаадаг гэмтэй аж. Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэлээр ундаалж, сэтгэлээр хайрлаж явдаг. Харин Архай эрх мэдлийнхээ төлөө сэтгэл гэгч зүйлээ бүр мөсөн хаясан нэгэн. Түүнд бусдыг хайрлах, бусдад итгэх, бусдын төлөө байх үнэнч зан гуравын аль нь ч байхгүй. Анхнаасаа эрх мэдлийг сонгосон цагаасаа л Архайд юу ч байхгүй болсон. Хүн хайрлуулж байхдаа, хэн нэгэнд итгэж байхдаа л эрх чөлөөг мэдэрч чаддаг. Гэвч тэр бүхнийг хаясан. Тэр өөрийн эрх чөлөөгөө эрх мэдлээр сольсон гэмтэн. Гэхдээ энэ бүхэнд зөвхөн Архай өөрөө буруутай юм гэж үү? Үгүй. Араатангаас илүү араатанг бүтээсэн хүмүүс бүр ч аймшигтай. Чухам энэнээс л эхэнд дурьдсан жүжгийн санаа илэрч байгаа юм. Бага байхдаа хайртай бүхнээ алдаж, үзэн ядалтанд дунд өвдөлтийг тэсэж өнгөрөөсөн Архайд дангаар бурууг өгч чадахгүй. Энэ бүхэнд бидний бүтээсэн энэ нийгэм, бидний бий болгосон шуналын талбар, бидний нэгнээсээ харамласан хайр л буруутай. Энэ нийгэм өөрсдөө араатанг бүтээгч байхад бид хэнд ч бурууг өгч болохгүй...

2019.3.4 21:32 бичив.

Театрын тухай миний тэмдэглэлWhere stories live. Discover now