Театрын хөнгөн дурлал ба хайрын виз, надтай үлдээч хоёр

18 0 0
                                    


Теарт бол үзэгч жүжиг хоёрын хооронд үүсдэг амьд харилцааны эрчим билээ. Тиймдээ ч энэ гайхалтай харилцан шүтэлцлэлийн эрчмийг мэдрэх гэж үзэгч миний бие улсын драмын эрдмийн театрын тавилт болгоныг алсгалгүй үзэхийг хичээдэг. Тиймдээ ч драмтын театрын сүүлд тавигдсан хоёр жүжгийн талаар өөрийн шүүмжээ илэрхийлэхийг зорьлоо. Мэдээж би мэргэжлийн шүүмжлэгч биш цэвэр сонирхогчийн хүрээнд шүүмж бичиж байгааг дурдах нь зүйн хэрэг байх. Улсын драмын эрдмийн театр 2019 онд уран бүтээлийн арвин их амжилттай яваа билээ. Шинээр зохиолч Л.Өлзийтөгсийн "Бүсгүйн зурвас" нийгмийн уяныг драм, О.Элбэгтөгсийн "Надтай үлдээч" уянгын драмын жүжиг мөн 13 жилийн дараа шинэ тавилтаар дахин тайзнаа тоглогдсон Ц.Балдоржийн зохиол "Хайрын виз" уянгын драмын жүжиг тавигдсан. Эдгээр жүжгүүдийг театр сонирхогч би бүгдийг нь гарсан даруйд нь үзсэн бөгөөд шинэ жүжгүүдээр драмын театр шинэ залуу үеэ дэмжин гаргаж буйд нь баяр хүргэх хэрэгтэй. Харин сүүлд гарсан "Хайрын виз" "Надтай үлдээч" гэсэн уянгын драмын талаар шүүмжлэх хэд хэдэн зүйл ажигллагдсан. Ц.Балддоржийн зохиол хайрын виз жүжгийн 13 жилийн өмнөх тавилтыг би үзэж байгаагүй учир өмнөх тавилттай нь харьцуулах боломжгүй. Гэхдээ 13 жилийн өмнө тавигдсан жүжиг, шинэ үзвэр "Надтай үлдээч " жүжиг хоорондоо тийм ч ялгарах онцын зүйлгүй, хайрын жүжиг атлаа хайраар тоглоод хаячихсан юм шиг л санагдаж байна. Жүжгүүдийн үйл явдлын талаар товч дурдвал "хайрын виз" жүжигт 2006 оны үед шинээр гэр бүл болж буй залуучуудад улсаас 500000 төгрөг өгнө гэсэн тогтоолоор оюутнууд мөнгөний төлөө гэрлэдэг тэр цаг үеийг харуулж байгаа бололтой. Энийг анзаарсан телевизын байгууллагад ажилладаг Жаргал, Цэнгэл гэдэг хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэдэг хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар үйл явдал өрнөнө. Цэнгэл шоу амжилттай хийхийн тулд Жаргалыг Сүндэртэй учир ургуулахыг ятгана харин Сүндэр гадаадад сурахаар явах гэж байгаа бөгөөд гадаад явахад нөхөртэй байх ёстой гэсэн шаардлагыг цаад байгууллагаас нь шаардана. Үүнийг анзаарсан Ану Сүндэрийг мөн л Жаргалтай хуурамчаар хайр сэтгэлийн холбоотой болгохыг ятгана. Ингээд л ашиг сонирхлын төлөө найзуудаараа тоглож байгаа Цэнгэл Ану хоёр болон үнэнч дурлалын золиос болж байгаа Жаргал, Цэнгэл хоёрын дунд жүжгийн гол үйл явдал өрнөнө. Харин О.Элбэгтөгсийн "надтай үлдээч" жүжиг бол шоудаж тасартлаа уусан Нандиа гэх бүсгүй орь ганцаараа амьдардаг Хосоо гэдэг залуугийнд сэрснээр үйл явдал өрнөнө. Хосоогийнд Нандиа хоёр хоног байх хугацаандаа тэр хоёр бие биедээ татагдаж дурладаг. Харин энэ агшинд Нандиагийн аав дүү хоёр Хосоог хүчирхийлэгч гэж буруу ойлголт өгөн цахим орчинд нэр хүндийг нь унагаана. Ингээд л хэлмэгдсэн Хосоо болон гэрийн хорионд хоригдсон Нандиагийн хайрын романсын тухай жүжигт үгүүлнэ. Хоёр жүжгийн нийгэмд хүргэх гэж буй санаа бол маш энгийн "хайрын виз" жүжиг бол ердөөсөө л залуучууд мөнгөнд хэт шунаж түүнээсээ болоод зүрх сэтгэл гэдэг зүйлээ гээж байна. Харин "надтай үлдээч" жүжиг дээр бол орчин цагт бид цахим орчинд хэт орж бидэнд амьд харилцаа байхгүй болж нэгнээ худлаа гүтгэж доромжилсон хуурамч харилцаатай болжээ гэсэн л санааг илэрхийлж байгаа. Энэ хоёр жүжиг өөрсдийн энэ санаагаа харуулж чадсан уу гэвэл тиймээ чадсан. Маш тодоор харуулсан. Гэхдээ илэрхийлэх гэж буй санаагаа жүжгийн ердөө ганцхан үзэгдэл, ганц дүрийн монолог дээрээ илэрхийлээд л орхисон нь харамсмаар санагдлаа. Хайрын виз жүжиг дээр Анугийн булхайг Сүндэр мэдэж Ануд гомдоод явсны дараа Анугийн өөр өөртөөгөө ярьдаг монолог дээр "Та нар намайг худалч, мөнгөнд дуртай, хуурамч амьтан гэж бодож байна уу? Тиймээ энэ үнэн. Учир нь би энэ нийгмийн уран бүтээл" гэж хэлснээрээ ердөөсөө л жүжгийнхээ алсуур илгээх гэсэн утга санааг хэтэрхий ил тод илэрхийлчихсэн гэхэд болно. Харин надтай үлдээч жүжгийн гол дүр Нандиагийн гэр бүлийн үзэгдэл дээр Нандиагийн дүү аав хоёрынх нь цахим орчинд бусдыг доромжилж тохуурхаж буй харилцан яриа , ээжийнх нь хуучин цагаа санан дурсаж буй үзэгдэл нь бүхэл бүтэн 110 минутын жүжгийнхээ утга санааг ганц үзэгдэл дээр л хэтэрхий ил тодоор харуулаад өгчихсөн юм шиг. Жүжиг гэдэг угтаа бүх үзэгдэл, тавилт нийлж нэгэн цогц санааг гаргадаг нийлмэл бүтээл гэж би хувьдаа боддог. Гэтэл уг хоёр жүжиг энэ нийгэмд хүргэх гэж буй санаагаа ганц монолог текстэнд, ганц үзэгдэлд л шингээгээд бусад үйл явдал нь зүгээр л хэт дэврэгсэн, хэнд ч хэрэггүй хайр дурлалын үйл явдал өрнөсөн нь харамсалтай. Угтаа хайр дурлал гэдэг догдлол, янаглал, сэтгэлийн их уусалтаар бий болдог зүйл гэж хувьдаа бодном. Гэтэл уг хоёр жүжигт үндсэн утга санаатайгаа хайрыг дурлалын асуудлыг хүчээр уяалдуулах гэж оролдсоны гай юу эсвэл зүгээр л утга санаандаа хайрын асуудлыг хавчуулчихсан уу? үзэгч миний зүрх сэтгэлд төдийлөн наалдацтай байсангүй. Уг хоёр жүжиг угтаа хоёулаа хайрын жүжиг. Мэдээж хайр гэдэг нийтлэг сэдэв. Дан хайр дурлалын сизон явж байхаар нийгэмд хэрэгтэй утга санааг дунд нь илэрхийлэх нь зүйн хэрэг гэж бодсон байх. Тиймээ энэ нийгэмд хайр хэрхэн хувьсан өөрчлөгдөж түүний хажуугаар бие биенээ хэрхэн ойлгож хүлээн авч буйг тусгах нь чухал. Гэвч жүжигт маань хайрыг хэтэрхий хөнгөн байдлаар харуулчихсан. Үүний хамгийн том алдаа нь жүжгүүдэд дүрийн хөгжүүлэлтийг тун тааруу гаргасан. "Надтай үлдээч" жүжиг дээр гол дүрийн хоёр маань ердөө хоёрхон хоногт гэнэт асаж дурлаад бие биедээ гүнзгий хайрын холбоо үүсгэсэн нь үнэндээ хэт үнэмшилгүй санагдлаа. Хайр гэдэг ердөө хоёрхон хоногийн хугацаатай тийм хөнгөн сэтгэлийн лугшилт гэж үү? Жүжгийн хоёр гол дүр маань хоёрхон хоногийн дурлалдаа мансуурч байхад гэнэт л хэдэн багтай хүмүүс айлын үүд хаалга эвдлэлж орж ирснээ юу юугүй нөгөө хоёр хосын маань зургийг дараад сошиал орчинд тавьна. Тэгсэн өнөөх хаалга үүд эвдсэн хүмүүс нь Нандиагийн аав дүү хоёр нь байх жишээтэй. Бодитоор бодоод үзэхэд л ямар ч эцэг хүн төрсөн охиноо нэг залуутай цуг байхад нь зургийг нь дарж түмний шившиг болгомооргүй л юм. Жүжиг болохоор зарим үйл явдлаа бодит байдлаас хэт дэврэгсэн байж болох юм. Гэхдээ нийгмийн нүүр царайг гаргахыг зорьсон мөртлөө бодит байдлаас хэт дэгсдүүлсэн нь онцгүй санагдлаа. За гол дүрийн залуу Хосоогийн дүрийн талаар ярилцая. Хосоо бол аав ээжээсээ байр өвлөж авсан орь ганцаархнаа амьдардаг залуу. Найз бүсгүйтэйгээ салж нийлээд 2 жил үеэрхсэн. Гэтэл мань Хосоогийн хоёр жилийн хайрын романсыг хоёрхон хоногийн дурлал юу ч биш болгосонд үзэгч би ихэд гайхлаа. Хосоо өөрийнхөө тухай ярьдаг хэсэгт найз бүсгүй нь хүүхэдтэй болоё гэхэд болохгүй, өөрийг нь элдвээр доромжилдог гэж дүрсэлдэг. Харин өнөөх ааш муутай Хосоогийн найз бүсгүй Анужин тайзнаа гарч ирэхдээ хайрлаж халамжлахгүй атлаа салж хагацдаггүй нойтон хамуу шиг дүрээр гарч ирсэн. Анужингаас Хосоогийн дүрсэлдэг шиг өнөөх ааш муутай, хүйтэн зан чанар огтоосоо анзаарагдаагүй. Үүнээс жүжгийн уяалдаа холбоо авцалдахгүй болж ирж байгаа юм. За тэгээд Хосоо Нандиа хоёр учир зүйгээ олдогийн даваан дээр Анужин гэнэт өөрийгөө жирэмсэн гэж хэлээд тэр хоёрыг салгаад дараа нь аавын эмчилгээний төлбөр хэрэгтэй байна гээд Хосоогийн аав ээжээс нь үлдсэн байрыг зарчихдаг. Адаг сүүлд нь Анужин нь залилан хийдэг, биеэ үнэлэгч болж таардаг. Жүжгийн зохиолын энэ өрнөл тийм ч муу үйл явдал биш ч найруулагчийн шийдэл зохиолынхаа гол зангилаа болсон үйл явдлыг хэтэрхий богинохон хугацаанд харуулаад өгчихсөн. Ууг нь Хосоо Нандиа хоёрын ээдрээт харилцаа, дундуур нь Анужин хэрхэн саад болж буй үйл явдлыг нарын тусгаад өгчихсөн бол уг жүжиг жинхэнэ утгаараа хайр дурлалын жүжиг болмоор. Гэтэл жүжгийнхээ ихэнх хугацааг өнөөх л нэг сошиал орчин, бусдыг гүтгэн доромжилж байна гэх мэтчилэн жүжгийнхээ агуулгад цахим хэрэглээний талаар хэт их нуршиж хүчилж оруулсан нь зөв шийдэл биш байв. Уг жүжгийн найруулагч Чингүн хэлэхдээ: "Уг жүжиг хайр дурлалын эрх чөлөөний тухай жүжиг", "Техник технологи хөгжихийн хэрээр хайр дурлал боогдож байна" , гэсэн ярилцлага өгсөн байсан. Харин Чингүн найруулагч цахим ертөнц хайр дурлалыг боож байгаа байдал, түүнээс жинхэнэ хайр ангижирч байгаа санааг гаргаж чадсан уу?. Миний хувьд зүгээр л цахим ертөнцөд дэмий балай юманд үнэмшиж явдаг боловсрол муутай аавын охин болоод өнчин өрөөсөн бүтэлгүй залуугийн хэдхэн хоногийн дурлалыг л сүржин дүрслээд харуулчихсан юм шиг санагдаж байна. Найруулагч өөрийнхөө хэлсний дагуу цахим орчноос болж хосууд хэрхэн бие биенээсээ холдож байгаа тухай, тэр дундаас хэрхэн жинхэнэ хайрын мөн чанарыг олж бодитоор дурлаж байгаа тухай гаргасан бол хичнээн сайхан. Даанч уг жүжгийн найруулагч Сошиал хэрэглээ, хөнгөн дурлал хоёрыг салангад байдлаар жүжигтээ нэгтгээд оруулчихсан нь харамсалтай. "Хайрын виз" жүжгийн тухайд бол "надтай үлдээч" жүжгийг бодвол хайр дурлалын хэсгийн хөгжүүлэлтийг боломжийн түвшинд гүйцэтгэсэн гэж хэлж болно. Жаргал хэмээх залуу хайр дурлалыг ердөө тоглоом шоглоом гэж ойлгож явтал анхны харцаар хүчтэй дурлаж, өнөөх дурласан охинтойгоо удаан харилцаа тогтоох тусам өөрийнхөө эндүү бодлыг ухаарч, үзэл санаа л хувьсан өөрчлөгдөж байгаа нь тун боломжийн шийдэл санагдсан. Үйл явдлын цаг хугацааны өрнөл ч дажгүй. Гэхдээ л өнөөх л хайр гэдэг гайхалтай зүйлээ бас л хэт дэврүүн бөгөөд хоосон үйл явдлаар дүүргэчихсэн. Энгийнээр энэ хоёр жүжгийн үйл явдлыг тайлбарлавал нэгэн залуу, бүсгүй хоёр бие биедээ дурлалцаад явж байхад нь хөндлөнгийн нэг дүр орж ирснээ үл ойлголцол үүсгээд л орхичихдог. Тэгээд яваандаа бие биенээ ойлгоод нийлээд л төгсдөг. Угтаа бол хайр дурлалыг дотоод зөрчил, түүнийг хэрхэн даван туулж буй тухай, хайр дурлал дан ганц дурлалт хосуудыг бус хүмүүсийг хэрхэн өөрчилдөг тухай хүүрнэсэн бол хичнээн сайхан. Магадгүй У.Шекспирийн "Ромёо Жульта" чухам хайр дурлал хүмүүсийг өөрчилж чаддаг гэдгийг харуулж чадсан болохоор одоо болтол тайзнаа тоглогддог байх. Хөнгөн зохиол, утга санаандаа багадсан үйл явдал, оновчгүй найруулгын шийдэл театрын зорин ирж буй үзэгчдэд хэрхэн оюуны баясал түрүүлэх билээ? Хайрыг харагдаж байгаагаас нь илүү гүнзгий өөрөөр мэдрүүлэх гэж, хайр бол агуу юм шүү гэдгийг хүмүүст ухаарахын тулд театрын драмын жүжгийг би бээр үздэг. Гэтэл ердөө л нийгмийн илэрхий байдлыг харлуулан гаргахын тулд хайрыг хавчуурга төдий болгосон театрын хөнгөн дурлалд гүнээ харамсаж байна.

2019.9.13 Анхбаярын Мөнхжин.

Театрын тухай миний тэмдэглэлWhere stories live. Discover now