Ёнбугийг цагийн ажлаа тарчхаад гэрийнхээ зүг алхаж явтал хэдийн шөнө дунд болох дөхсөн байтал Stray Chicken гэх хаяг гудамжинд гэрэлтэж, одоог хүртэл нээлттэй байгааг нүднүүд нь анзаараад авах ажээ.
Нийтийн байранд цуг амьдардаг найман залуу бүгд л шохоорхсон хэр нь нэгнийхээ нүдэн дээр хэн нь ч амнаасаа хөөрхөн юм аа гээд ганц муу үг ч унагаад магтчихаагүй охины ажилладаг газар энэ шүү дээ.
Эхлээд Чан өчигдрийн тахиа амттай байсан гэсэн шалтгаанаар явж, дараа нь Мину хоол хийхээс залхуу нь хүрсэн гэх тайлбар гарган очиж, нэг өдөр Чангбин захиалж идэхийн оронд хөдөлгөөн хийнгээ гаднаас хоол авчхаад ирье гэчхээд гартаа мөн л хайрцагтай тахиа барин орж ирээд байсан бол Хёжин цагийн ажил, харин Сынгмин ажлаасаа тарж ирэхдээ мөн л баахан инээчихсэн орж ирснээр нийтийн байранд тахианы үнэр гарах бүрийд хэн хаана хэнтэй юу хийснийг мэддэг болоод байсан билээ.
Энэ өдөр хэн нь ирж эднийхээр үйлчлүүлэх далимд охинтой дотносох гэж балгаа тарьсан бол гэх бодол залууд өөрийн эрхгүй төрөх нь тэр. Ёнбуг япон хоолны газарт ажилладаг бөгөөд ээлжээсээ буугаад хоол идчихсэн явж байлаа. Цайны газарт ганц хоёрхон хүн сууж үзэгдэнэ.
- Өлсөхгүй байна.
Залуу гэдсэн дээрээ гараа тавин амандаа тийн бувтнаад хоолны газрын зүг харсаар зогсоно.
- Би ийшээ орохгүй ээ. Тийм ээ, Ёнбуг аа. Хоёулаа ийшээ орж мөнгөө үрж болохгүй.
Тэрээр явах гэсэн болов ч цайны газрын шилэн цонхоор шохоорхоод буй охин нь нэг өрөөнөөс гарч ирж байгааг гайтай нүднүүд нь олоод харчхав.
Залуу хэсэг хөшин, охиныг инээмсэглэн үйлчлүүлэгчдийг үдэн гаргахыг харж зогссоноо гараа хүрэмнийхээ халаасанд хийн шийдсэн байртай буруу харан гэрийнхээ зүгт алхлаа.
- Болохгүй ээ,
- Тийм ээ, болохгүй.
- Ёнбуг аа, ингэж болохгүй.