Цэвэрлэгээ

37 6 0
                                    

Үүлгүй тэнгэр
Бүрхэг тэнгэр
Намайг уучлаарай
Миний хийсэн бүхэнд
Чи бол эмэгтэй хүн
Чи бол эмэгтэй хүн
Чи бол эмэгтэй хүн.
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд эзний гар хүрээгүйгээс нурсан балгас шиг санагдах болсон өрөөндөө цэвэрлэгээ хийхээр шийдэв. Өглөөний цайгаа хам хум уучихаад ажлаа эхлэхээр өрөөндөө орж хаанаас эхлэхээ бодон хэсэг саатав. Нэг их удсангүй. Хатсан будагтай хэдэн бийр, улаан хумсны будаг, зургийн палитр, чихрийн цаас зэрэгт хөглөрч дарагдсан өргөн цагаан тавцан бүхий цонхноосоо эхлээд цагаан толгойн үсэгтэй анх танилцахаас минь л өөрийгөө надад зориулан элэгдэж байгаа хөгшин ширээ, нүүрэн дээр нь "4 биш 4"-өөс номлох хэдэн үгийг сарааччихаад дээрээс нь улаан, хар өнгийн будагаа нялчихсан бас л хуучны харагдах шар хувцасны шүүгээ зэрэгээ нэгд нэгэнгүй цэгцэлж эхлэв. Иймэрхүү цэвэрлэгээг сайхан дуу хангинуулан үргэлжийн сул асгарч байдаг үсээ дээш шуулгүйгээр тухтай цэвэрлэж чадахгүй. Playlist дэх дуунууд ч эргэлдсээр Motorhead- hellraiser явж эхлэх мөчид бүгд цэгцэндээ орсон ч нэг л зүйлийг орхисноо санан яасан ч салдаггүй шахуу хайртай цүнхээ шүүрэн авав. Ороо налан бараг л гялалзаад байгаа юм шиг өрөөгөө хяламхийн тойруулж харчихаад шалан дээр сууж аван цүнхэн доторхоо бүгдийг сэгсрэн дэлгэж орхив. Уруулын будаг, тэмдэглэлийн дэвтэр, харандаа, өврийн ном, өрөөсөн ээмэг, цаасан хогнууд бүр шар айрагны бөглөө хүртэл унаж ирэхэд нэг их гайхсангүй. Цааш үзвэл нэгэн "миний зүйл" гэхээргүй олон нугалчихсан шар цаас байх нь тэр. Дэлгээд харвал тэр үнэхээр хэн нэгний цүнхэнд минь хийчихсэн учир битүүлэг захидал байлаа. Чи бол эмэгтэй хүн гэж төгссөн тэрхүү бичгийн хэвийг хэнийх гэдгийг бодоод олсонгүй. Цүнхэнд орсныг нь анзаараагүй их л удсан бололтой үнгэгдэж нугалаасаараа нимгэрсэн байлаа. Хэн надад ийм бичиг хийж орхив гэх сонирхол удаан үргэлжилсэнгүй. Хамаа ч байсангүй. Товчхон, золигийн тэдгээр үгс оюун санаанд цуурайтан чангарсаар тархи толгойгоо хага цохимоор санагдахдаа учир зүггүй бах тав ханан инээд алдсаар тамхиа халааслаад гарч яваа охиноо эх нь зовнилтойгоор харан үлдэв. Шөнө болчихжээ.

Хайрцагнууд. Where stories live. Discover now