Сайн уу!Ардаа яагаад анхааруулгын тэмдэгтэй сайн уу гэх үгээр энэ хэсгийг эхлүүлж байна вэ?
Би бодохдоо " Сайн уу! " нь өнөөдөр чамаас хэр байгааг асууж байгаа юм биш гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хэрэв тийм биш юм бол яг юу вэ? Энэ нь та өнөөдөр сэтгэлзүйн хувьд, эсвэл ажил төрөл, хийж буй зүйлдээ сайн байсан эсэх биш харин өөрөө өөрийнхөө төгс төрхөнд нийцэж байна уу гэсэн үг байх.
Хэрэв та "Сайн" гэж хариулсан бол сайн бодож үзээрэй. Үнэхээр та өөрийнхөө төгс төрхөнд нийцэхээр сайн байсан уу гэдгээ. Өөрийгөө хууран эхлүүлсэн дасгалаа дуусгаж чадалгүй, амттан идэн, гэдсээ илэн буйдан дээрээ зурагт үзэн суусан бол тийм ч "сайн" байгаагүй юм байна. Би гэхдээ таныг буйдан дээрээ тухлан суугаад дуртай нэвтрүүлгэн үзэнгээ амттан идэж болохгүй гэж огт хэлээгүй юм шүү. Би чөлөөт цагийг бол дэмжинэ. Өөртөө чөлөөт цаг гаргаж байх нь өөртөө өгч буй хамгийн том шагнал юм. Аа, гэхдээ та хийж буй зүйлээ дундаас нь орхин, номоо уншихаас залхууран, бие буларчихлаа хэмээн шалтаглан дасгалаа хийхээс татгалзан, зөөлхөн буйдан дээрээ тухлан суусан бол энэ бол шагнал биш юм. Энэ таны өөртөө өгч буй шийтгэл. Тиймээ, шийтгэл. Дасгал гэдэг заавал турах зориулалттайгаар хийгддэг зүйл биш юм. Та дасгал хийхээр шийдсэн нь их авууштай, сайн зүйл. Гэвч дундаас нь орхино гэдэг тун харамсалтай. Энэ мэтчилэнгээр та өөрийгөө хэрхэн хуурч байна, хэрхэн баярлуулан гомдоож байна /энэ нь нэг ёсондоо дасгал хийнэ гэж шийдчихээд хийхээ болихыг хэлж байгаа юм/ бас хэрхэн өөрөөсөө нүүр буруулж байна гэдгээ сайтар бодсоныхоо дараа миний ардаа анхааруулгын тэмдэгтэй сайн уу гэх үгэнд хариулаарай. Үнэхээр чин сэтгэлээсээ та "сайн" гэж хариулсан бол гайхалтай!
Хэрэв та " муу " гэж хариулсан бол яагаад гэх асуултыг би таниас асууя. Яагаад? Яагаад өөрийнхөө төгс төрхөнд нийцэхгүй байна вэ? Юу ч хийж эхлээгүй болохоор уу? Тиймээ, энэ бараг хамгийн зөв хувилбар байх. Өөрөө өөрийнхөө хамгийн төгс төрхийг бүтээмээр байвч яг хаанаас эхлэхээ мэдэхгүй гацчихсан уу? Гацалтнаас гарах хамгийн зөв аргыг мэдэх үү? Асуудлыг та яаж шийддэг вэ? Тойроод гардаг уу?, эсвэл туулаад гардаг уу? Тойроод гарсан асуудал тань дээр дахиад л эргээд ирнэ. Тэгвэл асуудлаа туулж гарцгаая. Яг үүнтэй адил гацалтнаас гарах хамгийн зөв арга бол тойрч биш туулж гарах юм. Яг юу болохгүй байна вэ? Өөрөө өөрийнхөө хамгийн төгс төрхөнд нийцэхэд хийх эхний алхам англи хэл сурах байлаа гэж бодъё. Гэтэл та үг цээжлэхээс залхуурч, хэцүү юм байна гээд больчихсон уу? Энэ нь асуудлыг тойрох гээд байгаа явдал юм. Үг цээжлэхээс битгий залхуур. Утгыг нь сайтар тогтоож ав.
"Бүх л хүмүүс хэл сурч болоод байхад би яахаараа чаддаггүй юм" Өөрийгөө битгий ингэж бусадтай харьцуулаарай. Та өөрөө энэ дэлхийд ердөө ганцхан хувь болохоор бусадтай адилхан болох гээд хичээсээр байгаад өөрийгөө мартчихаж мэднэ. Харин " Би юм чинь чадаж л таарна " гэх үгсийг байнга хэлээрэй. Би "би"-ээрээ байгаа цаг хийж болохгүй зүйл гэж үгүй гэдэгт би бүрэн итгэх болсон. Тэгэхээр та юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та эхлээд өөрийнхөө байр суурийг хүлээн зөвшөөр! Түүнийхээ дараа хаашаа явахаа бодож ол. Мэдээж хэн ч ухарч явахыг хүсэхгүй. Гэхдээ хааяа урагш хоёр алхахын тулд хойш нэг алхам ухрах хэрэг заавал гардаг юм.
Тийм учраас ардаа анхааруулгын тэмдэгтэй сайн уу гэх асуултанд минь "муу" гэж хариулсан хүмүүс өөрийгөө хууран "сайн" гэж хариулсан хүмүүсээс нэг алхамын урд яваа юм. Гүйцэж түрүүлэх үү? эсвэл байрнаасаа ухарч ард хоцрох уу гэдэг нь таниас шалтгаална.
Эцэст нь, сайн уу!