Журамт гэргий

106 3 0
                                    

Журамт гэргий

Хандаа үүрийн шаргал туяатай уралдан босч эзэгтэй хүний ёсоор галаа түлж, цайгаа чанаад өглөөний унд бэлтгэнэ. Халуун хөнжилдөө бөх гэгч нь нойрсох эр нөхрөө нэг харж, хажуу өрөөнд нойрноосоо сэрж ядан хөрвөөх охиноо хараад жаргалтай инээмсэглэн

-Миний охин босоорой. Хичээлдээ явах цаг чинь боллоо шүү гээд хурдан шаламгай хөдөлж, ширээнээ өглөөний унд бэлэн болгов.

-Ээжээ, би өнөөдөр жаахан оройтно шүү. Номын санд сууна гэхэд хариуд нь

-Өө тийм үү. Ээж нь ажлаасаа эрт тарчихна. Миний охин болгоомжтой явж ирээрэй дээ. Гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна шүү гэлээ.

Эхнэр охин хоёрынхоо дуунаар Пунцаг нойрноосоо сэрж, толгойгоо маажлаад нүдээ онийлгон ханан дахь цаг руу харав. Долоон цаг болжээ. Пунцаг орноосоо дурамжхан өндийж хувцаслаад ундаа уухаар ширээний ард суув. Өглөө бүр гурван биенийхээ өөдөөс харж суугаад цай ундаа уунгаа олон зүйлийг ярилцана. Гэртээ юу нэмж авах, юу хэрэгтэй байгаа, хэнд нь ямар нэгэн ярих шинэ сонин байвал энэ л цагт ярилцана. Энэ гэр бүлийн хувьд халуун ам бүлээрээ ундалдаг цаг нь өглөөний цайны цаг ажээ. Тийм ч болохоор Хандаа өглөөний энэ цагт илүү хичээж, тэр хирээрээ жаргалтай байдаг аж. Пунцаг арван жил эмэгтэйчүүдийн эмч хийсэн туршлагатай сайн эмч. Угийн дуу цөөтэй, хахир нянгар тэрээр гэртээ байхдаа ч тэр. Гадны хүн тэднийд хэд хоновол Пунцагийг яг л зочид буудалд амьдардаг хүн гэж шүүмжилмээр. Охин Тэргэл нь аравдугаар ангийн сурагч. Хандаа бие муутайгаасаа болж хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй гэж бүрэн хориглосон ч сайн эмч нөхрийнхөө ачаар үрийн зулай үнэрлэсэндээ өөрийгөө дэндүү их азтайд тооцдог билээ. Пунцагтай амьдралаа холбосноос хойш хэдийн арван таван жил өнгөрчээ. Юугаар ч дутаж гачигдахгүй, зовлон гээчийг амсалгүй өдий жил ханилсандаа баярлаж эр нөхөр, ганц охин хоёроороо бахархадаг тэрээр нэгэн компанид нягтлангаар ажиллаад удаж байгаа ажээ. Цагийн зүү найм дээр ирэхэд Пунцаг ажилдаа гарч, охин нь хичээлдээ явахаар яаран гарч гүйв. Харин Хандаагийн ажил арван цагт эхлэдэг болохоор гэртээ үлдэж, аяга тавгаа угааж цэвэрлээд тоос тортогоо арчин гэрээ цэмцийтэл цэвэрлэлээ. Насны үд хэвийж дөч хүрсэн ч Хандаа бол хэн ч харсан мах мариа нь таарсан, зүс царай нь толигор, сайхан эмэгтэй. Гэхдээ тэрээр сүүлийн хэдэн өдөр толины өмнө суухаасаа нэг л халшрах болжээ. Урьд нь бол юу ч анзаарахгүй, яг л салхи шиг хийсч явсан бол даргын шагнал авсаныг тэмдэглэдэг тэр орой л залуухан бүсгүйчүүдийн гал цогтой харцнаас өөрийнхөө өтөлсөнийг гэнэт олж харснаас хойш нэг л гунигтай, айдас хүрэм санагдах болжээ. Гэсэн ч өөрийгөө харахгүйгээр, толинд туссан дүр төрхнөөсөө хэдий болтол зугтах ч билээ дээ. Тэрээр дурамжхан толиныхоо өмнө суулаа. Санаа дагаад ч тэр үү нүдний нь зовхинд суусан үрчлээс бүр ч их тодорсон юм шиг харагдана. Хандаа амьхандаа л үрчлээгээ далдлах гэж баахан будаж, энгэсэг тавьж үзэв. Нэг мэдэх нь ээ ажилдаа явах цаг болжээ. Бушуухан босч ажлын бор хүрэн хослолоо өмсөж аваад цүнхээ үүрэн гарч одлоо. Албан конторынхоо үүдээр оруут хүн бүхэн түүнтэй инээмсэглэн мэндэлж угтана. Ухаалаг намбатай, сайхан эмэгтэй болохоор бүгд л түүнийг хүндэлж харьцдаг ажээ. Ажлын ширээнийхээ ард суугаад өнөөх л хүснэгт дүүрэн данс тооцоогоо ширтэн, тооны машин цохиж суутал гаднаас амандаа дуу аяласаар Туяа орж ирэв.

Журамт гэргийWhere stories live. Discover now