Өгүүллэгүүд 2
Могой
Л.МӨНХТӨР /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч
Шар харганатын толгод нараар угаачихсан юм шиг халуун. Элс хайрга нь шуугиж шаргалтана. Хар хар хадтай бэсрэгхэн толгодын дундуур нэгэн морьтой хүн айсуй. Тэр морьтон согтуу бололтой. Нааш цааш сажлан мориныхоо хоёр хажуу руу уначих шахна.
Жанчив цаашлуулан дурандвал сумын төвийн наахна хэдэн бараан адуу зэрэглээнд хашигдчихсан, хоёр цагаан гэр нисэж алдан томорч жижигрэнэ. Дондол гуайнх төвөөс гарч зусаж байгаа гэсэн тэднийх бололтой. Хоёр цагаан гэрийн зүг хараа тогтоовол нэг хүн гарч орно. Цэвлээ юм болов уу... гээд өнөөх морьтой хүнийг дурандав. Мориноосоо буучихсан харагдана. Бутны ёроолд хэвтээд өглөө. Жанчив овоонд чулуу нэмээд тэр морьтонг зүглэв. Ойртож очвоос гандмал хөх тэрлэг, эв хавгүй шалчийсэн эсгий бүрх, арзгар хөгшний нүүр харагдахад Дондол гэж танилаа. Жанчив ханиаж чимээ өгөөд дөрөө мултлав. Морь нь үүрсэж чихээ сортойлгов. Тэр сэрэх янзгүй ээ. Дөхөж очлоо.
Ээ, тэнгэр минь! гэж Жанчив царай нь цайж хамаг бие нь чичрэн шавар баримал шиг хөшчихөв. Юу болсон гэж сананаа. Нүдэндээ ч итгэсэнгүй. Дондол гуайн сахалтай ам руу хар эрээн могойн сүүл далдрах нь тэр. Дондол гуай, Дондол гуай гэж байдаг чадлаараа хашгиран угзарлаа. Дондол нүдээ нээж муухай харснаа “Хүйтэн ус ууж байхад асгуулчихлаа” гээд царай нь зэвхийрлээ. Ахиж нэг өндийх гэснээ чадсангүй. Жанчив яах ч учраа ололгүй хий дэмий хэсэг сандарснаа цээжин дээр нь толгойгоо нааж чагнахад зүрх нь цохисонгүй. Гагцхүү хар эрээн могой хатгах шиг болохуй давхийтэл цочоод буцаж өндийв. Энэ хүйтэн биетэй амьтан гал ноцсон дотор уруу нь орохдоо тэгэж санагдэж дээ гэж бодоод өврөө уудлав. Хөлснийхөө алчуурыг гаргаж нүүрийг нь бүтээгээд эмээлтэй моиийг нь хөтлөн мордлоо. Жанчив гэрт нь яаж очно, юу гэж хэлнэ дээ гэж бодохоор морийг нь сул тавьчихаад зугтмаар болно. Тэгтэл бодлыг нь зүсэн олон жилийн тэртээх дурдатгал ороод ирлээ. Дондол гуайн охин Цэвлээ дэдгэр ногоон дээлтэй хөл нүцгэн уйлж суух юм. Жанчив хажууд нь түүнд буруу хэрэг хийчихсэн юм шиг зогсох ажээ. Тэгээд,
-Чи яагаад уйлаа вэ?
-Зүгээр ээ, хургаа нийлүүлчихсэн...
-Хурга нийлэхэд уйлаад байхдаа яадаг юм.
-Аав ирж зодоод... гээд түгдчин хажуу тийшээ харах гэснээ халирч гараа занган чимээгүй болов. Жанчив гараа зангасан зүг рүү харвал хар эрээн могой бут дамнан гулзайжээ. Могойноос айхын аюул нөмөрч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн хоолойгоо зассанаа