Тас харанхуйд ямар ч гэрэлгүй, орчин тойронд үзэгдэх, гарт баригдах зүйл юу ч үгүй хий хоосон орон зайд хаашаа явж байгаа, хаана оршин буйгаа, өөрийгөө бодит эсэхээ ч мэдэхгүй тийм л мэдрэмжийг авна. Ертөнцийн зүгийг хаана оршиж байгааг үл мэднэ. Энд л би дэлхийг бөөрөнхий гэдэгт итгэж байх шиг. Би гүйх хэрэгтэй юу, урагшлах уу эсвэл хэн нэгэн гэрэл тусгахыг зүгээр л хүлээх үү. Тэр нэгэн ирсэн даруйд нь гэрлийн үзүүрээс нь ч болтугай шүүрээд сүүдэр нь болчхоод, сүнсээ даатгаад явах ёстой юу.
Гэхдээ бодол минь гүйхийг хүснэ. Хэн нэгэнд сүнсээ өгнө гэдэг байж боломгүй. Учир нь ганцхан ганцхан л удаа би амьдарч байгаа. Магадгүй урд нас, хойд нас байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ цаг мөчид энэ хүн төрлийг олоод ганц удаа л амьдарч байна шүү дээ. Энэ дэлхийд үлдэхийг бурханаас гуйн түүний илгээсэн сахиусан тэнгэрийн хэвлийд бүрэлдэхдээ амь тасарчихвий гэсэндээ хэвлийгээс нь тас зуурч, хорвоод тэмцэж үлдэхдээ баярласандаа нулимсаараа тамгалсан байтал.
Намайг бүчих харанхуй, миний нүдийг таглах тэр хараал идсэн харанхуй дунд би гүйх болно. Магад энэ зүйл төгсгөлтэй байх. Өөрийгөө ялан дийлсэн тэр цагт л.
Гүйнэ, гүйх болно бүдэрч унаад өвдгөө шалбалсан ч гүйх болно. Өөрийн гэрлийг өөрийн зүрхийг олох хүртлээ.
Гэхдээ аль зүг рүү.
Зүрхний цохилт сонсогдох тэр зүгт. МИНИЙ ХҮСЛИЙН ОЧ ДҮРЭЛЗЭН АСАХ ТЭР НЭГЭН ГЭРЛИЙН ЗҮГ.
° ° °
Нэг алхамаар, хоёр алхамаар тэр гэрэлд дөхнө, зүрх минь бага багаар амь орон бяцханаар цохилно. Цохилох бүртээ судас бүрээр минь би амьд гэх цахилгаан шуудан илгээнэ.
Тархи зүрхийг танин мишээх бол эд, эс бүхэн минь баярласандаа доороо бүжнэ. Анхны нулимс шиг тэр нулимс ахин урсана бас л энэ дэлхийд би амьд гэдгээ батлан.