Сургуульдаа явахдаа хэдийн бэлэн болчихоод, ээжийг яаруулан байж өглөөний цайгаа хурдхан хийлгэж уучихаад яарахаараа нэг үүд рүү зүгэллээ.
Ээж харин хойноос "Харү, яагаад ингэтлээ яараад эрт явж байгаа юм бэ? Хичээл чинь эхлэх болоогүй байна штээ." гэхэд "Сургууль руу очихоос өмнө хийх ажил байна аа. Баяртай, ээжээ." гэчихээд гэрээс гарлаа.
Хамаг хурднаараа гүйсээр гэрээсээ хоёр гудамжны цаадах гудамжинд ирэн цаг харвал өглөөний 7:12 болж байлаа. Сургууль дээр 7:40 гэхэд очсон байх ёстой, харин эндээс сургууль хүртэл ойрхон тул удаандаа ердөө 15 минут, харин хурдандаа 5 минутын дотор л очино. Тэгэхээр Жунин одоо гэрээсээ гараагүй байж таараа.
Шууд Жунины гэрийн хаалган дээр очин зогсож болохгүй байсан тул гэрээс нь хоёр байшингийн цаана зогсон түүнийг гарч ирэхийг хүлээн дороо эргэлдэнэ. Тэр яагаад гарч ирэхгүй байна аа? Уг нь өдийд л гарч ирэх ёстой доо.
Жуниныг 7:30 хүртэл хүлээлээ. Аль хэдийн явчихсан юм байх даа? Би одоо явахгүй бол хоцрох нь байна хэмээн бодсоор Жунины гэрийн хаалга руу гуниг тээсэн нүдээр харсаар өнгөрлөө. Түүний гэрийн хаалгыг дөнгөж өнгөрөв үү үгүй юу хойно төмөр хаалганы дуу хяхтнаж дуугарлаа. Шууд эргэж харалгүй, толгойгоо бага зэрэг эргүүлэн хойно алхах хүний сүүдрийг харвал гарцаагүй Ким Жунин мөн байлаа.
Энэ хүний сүүдрийг хүртэл ямар сайн таньдаг гээч?
Нүүрэндээ тодрох бяцхан инээмсэглэлээ нууж ядсаар, баярласандаа дэвхцэх шахам алхаж байтал Жунин хажуугаар минь том том алхсаар намайг анзаарах ч үгүй урд минь түрүүлэн гарлаа.
Ангийнх нь хүүхэд явж байхад ядаж мэнд мэдэх хэрэгтэй штээ.
"Жунин аа." хэмээн араас нь дуудан гүйсээр дэргэд нь очиход Жунин алхаагүй сааруулсангүй, хурдан гэгч нь алхсаар л байлаа.
"Өнөөдөр дахиад л тааралдчихлаа шүү. Сургууль руугаа хамт явцгаая." хэмээн инээмсэглэн хэлэхэд Жунин надруу нэг харснаа юу ч дуугаралгүй үргэлжлүүлэн алхлаа.
Ааштай гэдэг нь.
Жунины том том хурдан алхаанаас нь хоцрохгүйн тулд би бараг л гүйх шахам зэрэгцэн алхсаар сургуулийн үүдэнд нэг л их амьсгаадсан хүн ирлээ. Өндөр хүмүүс урт хөлтэй байдаг болохоор бүгдээрээ ийм хурдан алхдаг юм байх даа?
Ямартай ч Жунины хойно үлдэлгүй, бас хичээлээсээ хоцролгүй явсаар ангидаа орж ирлээ.