"Амьдад чинь чиний шаналан байсан, авсанд орохдоо үхэл чинь болно."
-Мартин Лютер
● ● ●
Хөшиг, цонхыг нь битүүлэн хаасан бүгчим гэрт хүн амьдардаг шинж нэгээхэн ч үгүй. Зуны дунд сарын нохой гаслам халуун өдөр байсан ч уг гэрт ядахдаа сэрүүцүүлчихээр сэнсний юм ганц ч үл харагдана. Бохир аяга таваг зэвэнд идэгдсэн угаалтуур дотор овоорч, бараан модон шал тоосгүй ч, юуны ч юм сэв, зураасаар дүүрэн аж. Хэчнээн тэвчээртэй нэгэн ч энэ гэрт хэдэн хором ч тэсэхгүй гүйгээд гармаар тийм л давчдам газар байлаа. Гэтэл хүн амьдардаг ч шинжгүй харагдах энэ гэрт 7, 8 насны л болов уу гэмээр жижигхэн биетэй охин зочны өрөөний намхан модон ширээний өмнө цомцойн сууж, юу ч юм зурах ажээ. Юуны ч юм нэвширсэн үнэр ханхлах агааргүй бүгчим гэрт удаан байснаас хамаг бие нь хөлөрчихсөн харагдана. Зузаан зургийн дэвтэр дээр түүний зурж буй зургийг хальт харвал хэн ч ойлгохооргүй байв.
Удалгүй хаалганы цаана түлхүүр цоож хяхтнах чимээ дуулдах нь тэр. Тэр хүн ирж байгааг мэдмэгц охины бяцхан зүрхний цохилт түргэсч, бүлтгэр нүд нь айдсаар дүүрч ирэх агаад зургийн дэвтрээ бушуухан шиг ширээн доогуур далд хийлээ. Тэгээд тэр хүнийг орж ирэхийг амьсгаа даран хүлээв. Амьгүй чимээгүй гэрт өөрийнх нь бяцхан зүрх л цохилох сонстох шиг санагдана.
Хаалга чихран онгойход гэрт хэдхэн хором гэрэл орж ирлээ. Нарны хурц туяа, аагим халуунтай хамт гэрт орж ирэхэд бүр л давчдам болчих шиг болов. Энэ хорвоо дээр юунаас ч илүү айдаг нэгнээ харсан охин аагим халууныг үл тоон зэвхий цайж, чичирч эхэллээ. Гэвч үүнийгээ мэдэгдүүлэхгүй гэж биеэ байдгаараа чангалах аж. Орж ирсэн нэгэн ганцаараа байсангүй. Ардаа том шуудаатай юм чирсээр орж ирэв.
-Шивон аа~ Аав нь охиндоо бэлэгтэй ирлээ.
Дунд эргэм насны эр ийн аялгуулан дуудсаар орж ирээд үүдэнд авч ирсэн зүйлийнхээ гадуурх шуудайг доош буулгалаа. Тэгмэгц цусандаа хутгалдсан эмэгтэй хүний цогцос нүднийх нь өмнө ил гарч ирэх нь тэр. Тэр хүн сулбайн унаж ирсэн шинэхэн цогцсыг унахаас нь өмнө ширэлдэж, цусанд зунгааралдсан үснээс нь зуурч тогтоогоод, тийнхүү үснээс нь чирсээр зочны өрөөний зүг явав.
-Миний бяцхан тамын сахиусан тэнгэр хаана байна?
Цусан зам татуулсаар том өрөөнд орж ирмэгцээ тэр охиноо хараад хачин гээчийн том инээмсэглэл тодрууллаа. Тэгээд цогцсыг үснээс нь чирсэн чигтээ явсаар салхитай өдөр модноосоо унах шахам байгаа намрын хатсан навч шиг чичрэн суух охиныхоо өмнө үзүүлэн үзүүлэх мэт аваачив. Тодруулсан инээмсэглэл нь яг л өөрөөрөө бахархаж байгаа мэт, хийсэн зүйлээ охиныхоо өмнө гайхуулж байгаа мэт байх аж.
VOCÊ ESTÁ LENDO
𝘔𝘢𝘥 𝘋𝘰𝘨 || 𝑵𝑬𝑶 𝒁𝑶𝑵𝑬 𝑷𝒓𝒐𝒋𝒆𝒄𝒕 #2
Mistério / SuspenseAgain, Drop it let it go, Pop it let it show, If you touch me, I'll explode, I'm a real MAD DOG...