[2] Сайн уу.

164 34 9
                                    


Би түүнийг дахиад л хүлээж суулаа. Түүний төгсөх жил ч гэсэн, завгүй байгааг нь ойлгож байгаа ч гэсэн... харахын хүсэл болсон тэр шуналдаа идэгдээд ирээсэй хэмээн дотроо мянгантаа залбирна.

Санаа зовдог л доо..
Хичээл ихтэй байгаа хэрнээ өдөр болгон энд ирдэг болохоор, байгаа цагаасаа хугаслаад ч хамаагүй энд ирж суудаг болохоор, хэдий намайг анзаарч харахгүй ч үргэлж л нөгөө суудал дээрээ цасыг нь унагааж орхиод тухтай гэгч нь суудаг болохоор... бараг л би түүнээс илүү өөрийнх нь сурлагад санаа зовно.

Сандалны ард өндөр бут байдаг юм, ер нь л энэ хашааг хүрээлчихсэн. Яг л маш том зузаан халдашгүй мөн эвдрэшгүй хана шиг. Цаанаас нь харвал юу ч харагдахгүй тул хүрээлэнд хүн л байхгүй бол жинхэнэ өөрийгөө гаргаж ирэх бүрэн боломжтой.

Тэр ирж байна...

Урагшилдаггүй амьдралын минь дурлал,

Ухаршгүй энэ ертөнцийн хайр,

Хичнээн хичээгээд ч авч чадахгүй эрдэнэс,

Ингээд л миний зөвхөн магадгүйн үргэлжлэл...

Өргөн гулсуурны цаад сандалнаас толгойгоо цухуйлган түүнийг ширтэхдээ би нүд булаам дугтуйнаас гарч ирсэн тоорын ягаан цаасыг мөн түүн дээрх сийлчихсэн мэт бичгийн хэвтэй нь олж харсан юм.

Хайрын захиа бололтой.
Чадахгүйгээ ухаарах тусам, улам ингээд гунигла гэж байгаа юм шиг зүйлс ар араасаа цуварсаар л байх юм...

Тэр минь инээлээ. Харваас зөвшөөрөх нь.. Ингээд би дахиад л харсаар үлдэж, түүндээ би өөрийнхөө өгдөг хайраа хичнээн ихээр нүдээрээ дамжуулан хүргэсэн ч ядахнаа үзүүр нь ч хүрч очихгүй нь бололтой.

Цаасаа барьсаар сандалнаас бослоо, үргэлжлүүлэн уншсаар нааш дөхлөө. Толгой дотор юм юм эргэлдэх хийгээд тоотой хэдэн үгс л аманд минь бэлэн, шүдний минь цаана нуугдацгаана.

Би түүн рүү хараад амандаа аяархнаар "Ямар нэгэн зүйл хайж байгаа байх нь ээ?" гээд хөнгөн инээхэд тэрээр нөгөө захидлыг чинь бүгдийг нь юу ч үгүй базаж хаячхаад "Тийм ээ, хогийн сав ?" хэмээхэд нь би гайхаж балмагдсандаа болоод ээрч түгдчин "А-аан.. Ойлголоо" гэдэг үг л амнаас минь сул урсав.

Өнөөх бэлэн байсан тансаг сайхан үгс хааччихав? Хэн нэгэн л аман дотроос минь хулгайлахгүй нь лавтай байхад... бараг л би залгичхаж дээ, хөөрхий.

"Та энэ газраас салдаггүй бололтой, ямар нэгэн сайхан дурсамж бий хэрэг үү?"

Тэр нүд рүү минь эгцлэн харж, зүрхтэй минь харилцахыг хүсэхэд нь хэтэрхий их ачааллаас болоод чимээгүй яваад өгөхөөс наагуур байв. Хоолойг нь ойроос сонсох дэндүү гоё юм, шөнө болгон сонсоод баймаар тийм зөөлхөн хэр нь уянгалаг. Тэр их намхан ажээ, миний хамар хэсэгт хүрэхээр өндөртэй.

Гэвч тэр энэ газраас салдаггүй бололтой гэж надаас асуулаа. Өнгөрсөн бүхий л хугацаанд ажиглаж байсан юм шиг, анзаарч байсан юм шиг.

Үнэн шүү дээ, миний бүхий л сайхан тэр дурсамж нь өөрөө урд минь зогсож байхад би энэ газраас зориглон холдоно гэж үү?

"Тийм ээ, надад бүтэн жилийн үзэсгэлэнтэй дурсамж бий.. Тэр нь одоог хүртэл үргэлжилдэг болохоор би энэ хүрээлэнгээс салж хагацаж чаддаггүй юм"

Гэвч би гайхаж байлаа. Ийм явдал тохиох боломжгүй гэж итгэсээр бүтэн жилийг үрсэн байхад тэр зөвхөн дэргэдүүр минь хар саарал дэлхийд өнгө будгийг цацах мэт зөрөн алхахдаа миний өөртөө л хэлсэн бяцхан асуултанд хариулчихсан, түүнийг сонсохгүй байх гэж бодсон юм.

"Таныг зөндөө харж байсан ч ганцаараа л суугаад байдаг болохоор би өөрт чинь хань болж очиж чаддаггүй байсан юм аа, гэтэл ингээд гэнэт асуулт асуухад чинь жаахан цочирдлоо"

"Арай л ширүүн эхэлчихэв үү дээ. Тэгвэл яг одооноос гоё эхэлчихье.. Сайн уу?"

Хэлсэн үгсэд минь инээмсэглэн, үл ялиг ичингүйрэх түүний хацар нь хүйтнээс болсон уу, ичсэн үү, мэдэхгүй нь.. гэсэн ч ягаарчихсан байсныг нь хараад өхөөрдөх сэтгэл минь бүр ихээр хүрсэн юм.

Саарал бээлийгээ жилийн дараа ч өмссөн хэвээр байх бөгөөд тэр доогуураа зузаалдаггүй нимгэн явдаг нь мөн өөрчлөгдөөгүй ажээ. Дүрэмтийн банзалны доогуур шилэн тирконоос өөр зүйлгүй мөртлөө урт хар түрийтэй гутал өмсчихсөндөө тэр хөөрхөн харагддаг ч харах болгонд даарчих вий гэсэн бодол минь төрнө.

"Сайн.. Сайн уу?"

Би энэ мөчийг баллахыг хүссэнгүй, хачин асуулт асууж төөрөгдүүлэхийг урьтал болгосонгүй, бүтэн жилийнхээ дурлал, хүслэнт тэр хайрыгаа тэр чигт нь гаргаж түүнийгээ айлгахыг ч үл хүснэ..

Зөвхөн энэ мөчийг л би зүрхэндээ хадгалахыг хүслээ. Яг ёс журмын дагуу, мэнд мэдэлцэж эхэлсэн энэ эхлэлийг, түүний бүдэгхэн ягаарсан хацрыг, нөгөө л цагаан ороолтыг нь, зөөлөн түүний хоолойг.. Зүгээр л түүний гэсэн бүгдийг харж сэтгэлдээ би сийлэхийг хүслээ.

Бидний эхлүүлсэн энэ "Сайн уу" гэдэг үг... жаргалтай бүхний эхлэл байгаасай.

Winter SOUL✔Où les histoires vivent. Découvrez maintenant