- Хурдан эндээс тонил! Ахиж энүүгээр үзэгдэх хэрэггүй шүү! гэх чанга дуу орчны нам гүм байдлыг эвдэхтэй зэрэгцэн дэм буудлын үүдээр түлхэгдэн гарах залуу шороон зам дээр цээжин хэсгээрээ ихэд хүчтэй газардсан бөгөөд өвдсөндөө ёолсоор арайхийн өндийх зуур дэргэд нь шидэгдсэн чемодан онгойж доторх ганц нэг эд зүйл нь ойр зайд тарсан байх аж.Залуу амандаа хараал урсгасаар хувцас болон ганц нэг ном, бичиг цаас зэрэг зүйлсээ түүж эхлэх ба тэнгэр бүүдийж барайсан байгаагаас үзэхэд юу юугүй л бороо дусалж эхлэх нь үү гэлтэй байсан хэдий ч үүнийг нэг их ажирсан шинжгүй удаан гэгч нь хөдөлгөөн хийнэ.
Хэсэг хугацааны дараа эвдэрсэн дугуй нь чийхарч эвгүй чимээ гаргах чемоданаа чирсээр асгарах бороон дундуур энд тэнд тогтсон шалбаагийг хэнэг ч үгүй туучин алхах түүний энэ байдал болон царай төрхийг харсан хэн ч ямар нэг утга учир олж харъя гэж мэрийхгүй л болов уу.
Түүнд яг л бүх зүйлээ алдчихсан мэт санагдаж байлаа.. Оргүй хоосны төлөө шүүдээ..
Хаврын дунд сарын ийм нэгэн бороотой, сэрүүхэн өдөр даарч жиндэн маруухан яваа энэ залууг Жимин гэх бөгөөд Пак овогтын ганц хүү юмсанж.
Өсвөр насандаа эрдэм сурах том зорилго өвөртөлж ээж аавдаа үнсүүлээд их хотыг зорьсон тэрээр эрийн цээнд хүрсэн хойноо эцэст нь нь цаг нь ирлээ гэж бодсон уу төрсөн нутгаа зорин ирсэн ч харамсалтай нь энэ нь оройтсон байлаа.
Холбоо тасарчихаад байсан эцэг эхээ сураглаж очтол тэд жил дарааллан хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх бөгөөд ганц өд хөрөнгө болох байшингаа хүүдээ үлдээгээд одсон байв.
Гэвч угийн гэнэн цайлган зангаасаа болж өдийг хүртэл олон ч удаа зальлуулж, хоолгүй хонож байсан хэрнээ л ерөөс хар муу санаа суугаагүй залуу хөвгүүн энэ удаад ч гэнэ алдаж өөрт оноогдсон ганц өв хөрөнгөө бусдад алдаж орхисон юм..
- Би юу хийчихэв ээ? Аав ээж хоёрынхоо үлдээсэн ганц өв хөрөнгийг.. хар багаасаа тоглож өссөн тэр байшинг.. яаж ийм хялбархан үгүй хийж чадав аа? Би ч тэнэг амьтан юм даа. Одоо надад юу ч алга.. Гэр орон, сургууль, мөнгө, нэр төр.. гэр бүл хүртэл. Энэ удаад.. үнэхээр бүх зүйл дууссан. Би үнэхээр арчаагүй юм..
Тиймдээ ч ус ч балгалах завдалгүй өчнөөн хэрүүл маргаан дэгдээсээр хатаж орхисон уруулыг нь арайхийн даван эл үгс чихэнд нь хүрэхтэй үгүйтэй сонсогдохуй хамаг тэнхээ нь шавхагдаж орхисон Жимин газар сөхрөн уналаа.
Сөхөрсөн хойноо л хорвоогийн аясад тааруулж хатуу чанга амьдарна хэмээн бодож өнгөрсөндөө харуусдаг тэрээр энэ удаад ч мөн хийсэн үйлдэлдээ гэмшиж ахин боломж олдвол өөрийгөө өөрчилнө гэж амлах аж.
Гэсэн хэдий ч тэр бүр нь худлаа байдаг..
Тиймдээ ч ахиад л ийм байдалд хүрчихээд явж байна.
Хүйтэн борооноор хөл хөдөлгөөн татарсан Гуанжу хотын жижиг дүүргийн гудамжинд, машин зам дээр хөдлөх тэнхэлгүй хэвтээ залуу нүдээ анин харанхуйд уусахынхаа өмнөхөн өөдөөс нь ирж яваа машины бүдэг гэрлийг харж амжжээ..
***
Өөрөөс нэг их холгүй буй бололтой хоёр эмэгтэйн харилцан яриа чихэнд нь бүдэгхэн сонстох үест мэдрэлийн эсүүд нь аажмаар сэргэж улмаар нүдээ нээх Жимин нурууг нь үл ялиг хатгах мэт хатуу орон дээр сэрлээ.
Хараа нь нэг зүйл дээр бууж өгөхгүй эргэн тойрноо гүйлгэн харах явцдаа ямартай ч хэн нэгний гэрт ирчихсэн бололтой гэдгээ ойлгож дөнгөх тэрээр шуудхан өндийчихөлгүй байдлыг ажиглан хэсэг хэвтэв.
Бурханаас оноосон хувь тохиол аль эсвэл шийтгэлийн хар гайгаар амьд гарсан уу.. Бүр үгүй бол зүүдлээд ч байна уу.. аль нь болохыг тэр эс ойлгох аж.
- Энэ хүнийг яах гэж байгаа юм? Юун хүн юм?
- Зам дээрээс олсон юмаа. Орхивол үхчих юм шиг харагдаад.. тусалмаар санагдаад аваад ирсэн. Өрөвдөлтэй харагдаад. Сэрэхээр нь явуулчихъя. Хэёонд мэдэгдэж болохгүй шүү.
- Гэхдээ авхай, аюултай хүн ч юм билүү? Болгоомжтой байх хэрэгтэй.
- Ямартай ч сэргэтэл нь түр хүлээе.
Харилцан яриаг өрнүүлсэн хоёр эмэгтэй хананы цаана өөрт нь огтоос хүртээлгүй зүйлсийг үргэлжлүүлэн ярилцсаар байсанд Жимин тэднийг нэг их ажралгүй өрөөн доторхыг харцаараа нэгжиж эхлэв.
Урьд өмнө дундад зууны үеийн язгууртнуудын амьдралын хэв маягийн талаарх түүхийн номноос харж байсан эртний хэрнээ чамин тансаг модон тавилгууд, өндөр таазнаас дүүжлээстэй болор обжур, цайвар өнгийн хөшиг гээд бүх зүйл нь түүнд тун шинэлэг санагдаж байлаа.
Түүнд яг л хэдэн зууны тэртээх цаг хугацаанд ирчихсэн мэт санагдана.
Ямартай ч хэсэг хугацааны дараа Жимин энэ бүхэн бодит байдал мөнөөс мөн болохыг, үхэл сэхлийн тавцан дээрээс хөл алдах шахаж байсан түүнийг хэн нэгэн үл таних хүн аварсан болохыг тунгаажээ.
Энэ яг л Бурхан сараачиж хаясан тавилан мэт..
Ямартай ч би амьдрах ёстой юм шиг байна..
210603
teku
YOU ARE READING
-DE MONIO n ANGELO-
FanficХувь тохиолтой мэт тэр л өдөр эгч дүүсийн амьдралд газардсан сахиусан тэнгэр.. Зөвхөн өөрсдөд нь зориулагдан илгээгдсэн нэгэн мэт санагдах ахуй чөтгөрийн далавч аажмаар дэлгэгдэн сүүдэр нь бага багаар ил гарч байлаа.. @2021.06