Өглөө үсээ ороож бас нүүрээ арай их будснаас болоод хичээлээ бараг л хоцрох шахав. Сургуулийн хашааны хаалга хаагддагийг даваан дээр арай гэж амжин сургууль руу орж ирэхэд Жэхён ч мөн хоцрох дөхсөн бололтой амьсгаадсан байхтай таарлаа.
"Ойрхон гэртэй юм байж яахаараа хоцроод байдаг юм бэ?" хэмээн Жэхёныг хэлэхэд түүнрүү муухай хараад "Хөөе, би хоцроогүй байгаа биз дээ." гэхэд Жэхён өөдөөс хачин царай гаргасаар байв.
Сая л нэг ороосон үсийг минь анзаарсан бололтой үсээр минь нэг гараа гүйлгэснээ "Өөрийгөө гоёж гоодож байгаад л хоцрох шахаж дээ, янз нь." гэж надаар дахиад л тохуурхана.
"Өөрийгөө гоёж гоодсон юм, тэгсэн юм. Болохгүй юу? Миний өөрийгөө яах нь миний дур биз дээ? Яахаараа дандаа ингэж хүний хэрэгт оролцож байдаг юм?" хэмээн түүнрүү уурлачихаад Жэхёныг ардаа үлдээн анги руугаа түрүүлэн орлоо.
Уг нь ч Жэхёны хэлсэн үгэнд уурлаагүй л дээ. Өглөө гэрээс гарах гэж байхад ээж бас л намайг хэтэрхий гангалаад байна гэх мэтээр өөлөөд байсан учраас л тэрэнд уур хүрчихсэн байсан хэрэг. Ахлах сургуулийн сурагч гэхээрээ л хөөрхөн байж болдоггүй хэрэг үү? Яршигтай юм.
Ширээндээ суучихаад эхний цагийн хичээлийн ном дэвтрээ гаргаж байх зуур Жэхён орж ирэн хажууд суулаа.
"Хэми, би сая чамаар зүгээр л тоглож байсан юм аа. Уурлуулъя гэж огт бодоогүй шүү. Уучлаарай." хэмээн үнэхээр л намайг уурлуулсандаа гэмшсэн байртай харагдаж байсан юм.
"Үгүй дээ, өглөө ээжид уурласан уураа л чамд гаргачихлаа. Уучлаарай."
Намайг ийн хэлэхэд Жэхёны санаа амарсан бололтой өөдөөс минь хараад инээмсэглэлээ.
"Гэхдээ нээрээ яагаад ингэтлээ хөөрхөн болчихсон юм? Өнөөдөр чухал өдөр юм уу?" гэж Жэхён үнэхээр л сонирхсон янзтай асуув.
Би нэг үсээ шидчихээд "Би өнөөдөр болзоотой." хэмээн хэллээ.
Миний хариултыг сонссон Жэхён надаас хэнтэй, хэзээ болзох гэж байгаа юм, юу болсон юм гээд л асуултаар булж гарсан ч би түүнд хариу хэлэлгүй инээмсэглээд л өнгөрөв. Удалгүй хичээл орох багш ангид орж ирсэн тул Жэхён асуулт асуухаа зогсоосон ч, түүний сонирхсон царай огт өөрчлөгдөөгүй л байв.
Өнөөдөр Ду багшийн хичээл орохгүй мөн багш ч ангид орж ирээгүй тул өглөөнөөс хойш огт таарсангүй. Хичээлийн дараах болзоондоо догдлоод Ду багшийн талаар ч таг мартаж орхижээ.
YOU ARE READING
"Багш аа, надтай болзооч?" | dks
Подростковая литература"Багш аа, надтай болзооч?" "Ингэлээ гээд би чамд дүн нэмэхгүй, гарч үз."