"Тэгээд л өдөрт яваад алга болчихдог юм. Юу хийдэг байна аа? Ямар үзэж харах зүйл байх биш." Гэрийн үүдээр гарахтай зэрэгцэн эмээгийн сониучирхсан чанга хоолой хоймроос хөлийг минь чангаана. Тэгснээ дуу нь арай зөөлрөн "За, тэгээд байж байгаад үхэр мал ирэхээс өмнө тугалаа авчирч уяарай." Тэгээд л хөлийг минь чангалсан уяагаа суллаж орхиход нь би ам дүүрэн инээсээр "За эмээ." гэчихээд өвөө рүү хальтхан харахад тэр ч мөн адил хэдхэн шүдээ ярзайлгасаар зовхиндоо дарагдсан нүдээ ирмэх нь үзэгдэнэ.
Өөрийн оршихуйн үнэ цэнээ өдөрт нэг удаа мэдэрдэг маань энэ.
Нэг бутнаас нөгөө рүү дэгдчиж явсаар модны захад ирээд ар дээр нь гишгээд өмсчихсөн эмээгийн палбигар цагаан кетийг тайлж орхичихоод ногоон өвсөн дээр нүцгэн хөлөөрөө гишгэн цаашлахад газар миний зугаа, үзэг миний цэнгэл болно.
Энд бүх зүйл тайван.
Модны оройд халхлагдсан ч сиймхийгээр нь бүдэгхэн ээх нар хамгаас тайван
Нэг мөчрөн дээр бөөгнөрчхөөд үргэх ч сөхөөгүй дуу авалцан жиргэх шувууд ч мөн тайван
Бутны завсар нуугдчихсан жижигхэн горхины намуухан урсгал бүүвэйн дуу шиг л тайван
Хааяа нэг өвс шаржигнуулан зөрөх саахалт айлын буурал морьдын алхаа ч тайван
Дэвхэрч ядраад хажууд үүрэглэх дэвхрэг ч бас тайван.
Өвс хөлийг минь гижигдэн явсаар сүүдэр нь ч том, налахад ч түшигтэй мод налан суулаа. Томдсон цамцныхаа ханцуйнаас тооны дэвтэр гаргах гэхэд хөлөрсөн гартай минь бараг л наалдчихжээ. Баруун халаасанд үзэг маань харин аюулгүй явж ирж.
Цаас бол миний бодит ертөнцөөс холдох тасалбар
Үзэг бол миний төсөөллөө томоор эхлээд цэг тавих боломж олгогч бодлоор аялагч машин.
Царай минь нухацтай болж, хараа минь тогтож, уруул минь жимийж үзэг барьсан гарын минь хөдөлгөөн хурдаа авч,
Хайр шиг үгс, тайтгарал шиг бодлууд энд л асгарна.
Энд л миний диваажин
Тэгснээ үгс минь уйтгарлаж, бодол минь шаналж эхэлнэ.
Энд л миний там
Амар тайван дахь аюулын дохио
Алдуурсан төсөөлөл дахь амиа егүүтгэл
Энд л миний хоёр ертөнцийн зааг бий.Үнээ тугал мөөрөлдөх чимээ өнөөх шувуудыг үргээн, үүрэглэж байсан дэвхрэгийг ч цочоон сэрээгээд, нарыг үүлний цаагуур хөөчих нь тэр.
"Хүүе!!! Хөгшөөн, хурдан мордоорой. Үнээ тугал нийлчихлээ. Ээ халаг гэж, өнөөдрийн сүү сааль байхгүй. Маргааш хар цайтай өнжих нь ээ. Хүний үг хор болсон муу золигийг дээ. Хэлээд байхад л..."Дррр, дррр... утасны чичиргээ бараг л орыг минь сэгсчих аядахад нүдээ хагас нээн харвал 9 цагийн сэрүүлэг дуугарч байлаа. Учир нь олдохгүй хээтэй цагаан тааз дээрээс ширтэж, хажууд минь байх саарал хана зүүдийг минь тухлан үзсэн аятай ширтэнэ.
Үнэндээ жижигхэн өрөөндөө орныхоо түшлэгийг налаад сарны гэрэлнээс гуйлгачлан суудаг би нэг муу зүүдэндээ үхтлээ атаархаж билээ.
YOU ARE READING
Зуны шөнийн зүүд (Нэг хэсэг)
RomansaЗун шүү дээ Харанхуй ч болчихсон Чи ч хажууд байгаа болохоор Ганцхан удаа зүүдэлчихье. (The Heirs)