Өнөөдрийн цаг агаар найрсаг байна. Нүдэнд торох борооны үүлгүй, эгц дээрээс минь халуун элчээрээ гийх наран ч алга. Сэрүү татуулах хөнгөн салхитай алхаагаа нийлүүлэн хийсвэр ертөнцдөө дууланхан алхана.
Хөгшчүүл нэг л янзаараа өврөөрөө дүүрэн хүүхдүүд тойруулан суулгаад өнөөх л дасал болсон далайн мангасыг нүдэнд харагдтал ярьж байх нь хэн хүний нүдэнд өдөр шөнө солигддог шиг хэвийн зүйл байлаа. Би ч мөн адил тэр далайн мангасыг сонссоор өссөн. Далайн эрэг дээр байрлах бидний тосгон бараг тавиад жилийн өмнөөс л тэр мангасыг байгаа гэдэгт итгэсээр ирсэн. Харсан үзсэн гэх хүмүүсийн үгэн дээр хачирлаж нэмэрлээд л зохиож ярьдаг болсон. Намайг бага байхад тэр мангас эмэгтэй хүн барьж иддэг гэх цуу яриа байсан бол саяхан сонссоноор хүүхэд хөгшчүүлд ихээхэн хор хөнөөтэй гэх юм байна лээ.
Гэхдээ өвөөгийн минь надад нууцаар ярьдаг тэр мангас хүн барьж идсэн удаа огтхон ч байгаагүй. Харин ч эсрэгээрээ өвөө минь түүний сүүлийг хэрхэн үзэсгэлэнтэй бөгөөд гялалздаг талаар байнга ярьдаг байж билээ. Захын тосгоны жижигхээн байшинд залуу хэдэн хүүхэдтэй өвгөн амьдардаг. Далайн эргийн ойролцоо намхан бор байшинд хэдэн хүүхдээ асран нэгэн өвгөн амьдардаг. Тэр миний мэдэх хамгийн зоригтой нэгэн. Миний өвөө байлаа.
Далайн эрэгийн хажууд болохоор сэрүү татам цаг агаар зонхилдог энэ газар өнөөдөр юу болов гэгчээр дулаахан байх ажээ. Өвөөгийн захиасаар жижиг зах руу хурдлан алхсаар ирэхэд хэдэн сараар үзэгдээгүй зүүд нойронд минь ч ирээгүй тийм хүмүүс урд минь зогсож байлаа. Багадаа би тэднийг анх хараад юу гэж дуудахаа сайн мэдээгүй. Намайг төрүүлээд таван жилийн дараа ирсэн тэр хүмүүсийг юу гэхээ жаалхан би ойлгоогүй. Өсч томроод хорь хүрсэн ч би юу гэж дуудахаа нэг л мэдэхгүй нь.
Уул шугамандаа эцэг эх минь юмсан. Учирлаж харвал танилууд л гэмээр. Миний хөлний хуруунаас толгой хүртэл минь тэднээс асуувал өвөө минь нээрвтсээр өмнөөс нь хариулах байхдаа. Гүйгээд очих хөл байв ч хэн рүү нь түрүүлж гишгэхээ мэдсэнгүй. Тэврээд авах гар байв ч яаж эв зүйгээ олохоо мэдэхгүй будилахад ээж гэх тэр нэгэн намайг ирэн үнссэн юм.
Бага байхдаа тосгоны хүүхдүүд ээжтэйгээ ярьж инээлдэн хөөрөлдөн явах тэр үед миний атаархал ихээхэн хүрдэг байж билээ. Урсах цаг хугацааны эрхээр өсвөр насанд ирэхэд үеийн хүүхдүүд ээжтэйгээ анхны хайраа ярин инээмсэглэж билээ. Тэр үед би мөн л толгой гудайсаар үлддэгсэн. Тиймээс л би ээж гэх хүний үүрэг, ээж гэх хүний хайрыг бүрэн мэдрээгүй болохоор юу гэж дуудан хэрхэн яаж хайраа илэрхийлэхээ хараахан мэдэхгүй явна. Мэдэх ч болоогүй байх.
Харин аавын хувьд хөлөө гэмтээгээд гэртээ үлдсэн хагас жилийн хугацаанд бид илүү дотно болсон гэж боддог.
Тэд далайгаар явж амьжиргаагаа залгуулж, тэд далайгаар хэсэн намайг тэжээдэг. Тэд далайд аялдаг. Далайтай салшгүй холбоотой байх. Магад далай тэдний хувьд надаас үнэ цэнтэй ч байж мэдэх юм.
Гурван хачин царайлсан улс гэртээ буцаж ирэхэд өвөө их л тоомжиргүй харсан ч өвөө минь ч гэсэн хэн бүхний л адил аав хүн шүү дээ. Ээжийг минь тэврэн үнэрлэнэ. Муудаж сайндсан ч эцэг эх гэдэг үр хүүхэддээ хэзээ ч чин сэтгэлээсээ гоморхдоггүй гэдгийг би сайн мэднэ.
Аянаас ирсэн сонин, дараагийн явах аян мөн ахиад орхигдох би энэ шөнийн ярианы ихэнхийг эзэлж байлаа.
Надад үллэх бодол ер байсангүй. Тэдний ярианы дундуур орон өөрийгөө илэрхийлэхээс бусдаар надад боломж гарахгүйг би сайн мэдэж байсан. Чангахан хоолойгоор "Би үлдэхийг хүсэхгүй байна" гэж зориг гарган хэлвэл саяхан хөхөрч байсан өвөө минь төв царайлан, элдвийг ярьж байсан аав минь дуугаа хураана. Болохгүй зүйл хэлээгүй л юмсан. Ээж харин хоолойгоо засаад надад хэр хүнд хэр аюултай болохыг юу ч үлдээхгүй хэлэхийг хичээнэ. Гэхдээ аюултай байдалд би багаасаа дандаа ордог байсныг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Ихэнх нь живсэн тохиолдол их юм байна. Өвөө заримыг нь мэдэх болохоор намайг явуулахгүй гэдгийг юу юунаас илүү мэдэх ч миний хүслийг хэзээ ч хорьж байгаагүйг санавал дуртайяа явуулна гэсэн горьдлогоор өвөө рүү харвал бас л надруу үлдээч гэсэн харцаар ширтэх юм.
Далай руу явах хамгийн том зорилго минь тэр мангасыг л харах байсан.
Тэр мангас гэж нэрлэгдсэн үзэсгэлэнтэй амьтан бага байхаас минь л миний сонирхолыг ихээхэн татаж билээ.Далай намайг дууданхан
Давчуу сэтгэлийг минь хөнгөлнө гэв
Тэнгис намайг илбэнхэн
Тэртээх гунигийг минь үргээж өгнө гэв.
Тэр нэгэн үзэсгэлэн
Тэр нэгэн гайхамшиг...
YOU ARE READING
Далайд хагдрах цэцэг
Short StoryЧиний далай надгүйгээр Миний ертөнц чамгүйгээр Чангахан орилж ч зүрхлэхгүй Муухан хашхирч ч чадахгүй