Чиг чаг, чиг чаг. Ханын цаг секунд бүрээр дуугарах тутам дотор минь нэг л тухгүйрч, эндээс гараад гүйчихмээр санагдана. Хаалгаар ч хүн орж ирэлгүй хоёр цагийн хугацаа өнгөрлөө. Өдрөөс өдөрт мөнгө нь салхиндаа хийсэж, гаднах цонх нь хотын шороонд дарагдан хэний ч анхааралд өртөхөө больсон кофены газар.
Чиг чаг, чиг чаг. Өдрийн нэг цаг болоход хоолны өмнө, хоолны дараа, хосын болзоо, хоёр хоногийн ажлын ядаргаа алинд нь ч бай зориулан кофе уухаар хүн орж ирсэнгүй. Ханын цаг аяндаа зүрхний минь цохилттой давхцаад байх шиг санагдах үед би шуудхан л олон асаадаггүй буланд өлгөсөн зурагтын удирдлагыг шүүрэн авч асаагаад түүгээр явах мэдээг сонсоогүй ч чиг чагаас өөр ямар ч хамаагүй дуу чимээ хоосон гэмээр газарт гаргахаар нэг ухасхийлээ. Эмэгтэй сэтгүүлчийн хоолой ямар нэг мэдээг удаанаар уншин танилцуулах зуур сууж байсан суудлаасаа алгуур босоод хамгийн ихдээ арван үйлчлүүлэгч багтах жижиг газрынхаа хогийг шүүрдэх санаатай эргэсэн юм. Ойрын хэдэн өдрүүдэд боссон шороо одоо надад хүртэл төвөг удаж кофены газрын зай завсраар шуураад ороод иржээ. Өнөөдөр ч бас орлогогүй гэж хэлээд орой нь харах эзний уурыг улам нэмэхгүйн тулд түрээсэлж авсан энэ газрыг нь ядаж л цэвэрхэн байлгавал дээр биз.
Цонхны урдуур хүмүүс нааш цааш зөрөн өнгөрнө. Зарим нь зав чөлөөгүй утсаа чихэндээ наан ярьж, бусад нь хамт яваа нэгэнтэйгээ завсар гаргалгүй хөөрөлдөн инээмсэглэнэ. Утасныхаа дэлгэцтэй наалдах аятай замаа ч үл анзааран зөрөх нэгэн нь цонхны тусгалд зогсож нэг өөрийгөө харахдаа шороотой цонхны ард би ч мөн байгааг мэдэх агшинд харц буруулан надаас уу эсвэл энэ газраас ч уу зугтах аятай яаран холдох юм.
Санаа алдан өөртөө шинэ кофе хийж уухаар эргээд машинд үр нэмж байтал хойно минь хаалга онгойх шиг болж ойролцоо нь өлгөсөн жингэнүүр бяцхан хонх дуугарлаа. Өнөөдрийн эхний үйлчлүүлэгч одоо л нэг орж ирлээ гэж таан эргэхэд энэ шороо боссон өдрөөр тохиромжгүй гэмээр цагаан хувцас өмссөн хөгшин ямар ч царайны хувиралгүй миний урдаас харан зогсож байв.
Ердөө таван ширээтэй энэ жижиг газарт хаалгаар орж ирээд дөрөв алхахад л захиалга өгөх тавцан урд нь тулан ирнэ. Харин хөгшин эр ямар кофе авахаа дээд талын самбар дээр шохойгоор бичиж тавьсан хэдэн мөртүүдээс минь шалган харах ч үгүй намайг гэх үү, миний ажиллаж байсан кофены машиныг гэх үү чимээгүйхэн ширтээд л байлаа.
"Сайн байна уу? Та юу захиалах вэ?" гэж намайг асуун кассын машинд ойртоход хөгшин сая нэг хэдэн алхам ойртож зогсоод "Надад хар кофе хийгээд өгөөч хүү минь." гэж хэдэн арван жил тамхи татсан нэгэн шиг хоолойгоор сөөнгөтүүлэн хэлэхэд би ч толгой дохиод "Мэдээж хэрэг. Та авч явах уу эсвэл энд уух уу?" гэтэл хөгшин толгой сэгсэрсэн тул би ч гайхаж "Энд ууна гэж үү?" гэтэл хариулсангүй.
YOU ARE READING
Зэргэлдээх ертөнцийн мөргөлдөөн
General FictionХормын дараа үхэл ирвэл хийж амжсангүй гэж харамсах харуусал чамд бий юу?