Шил нь хагарсан кофены газрын үүдний хаалгаар хаанаас ч юм ирсэн салхи сэвэлзэхдээ хамар ам руу энэ их шорооны хумхын тоосыг үлээж байв. Саяхан л өдөр болж байсан атал одоо яагаад ч юм нар буух дөхсөн аятай үзэгдэж, өвлийн хүйтэн шөнө хавирга үлээн исгэрдэг салхи шиг чимээ хойно минь гарна. Элгээ тэвэрсээр хаалгаар гарахад миний мэддэг өнөөх уйтгарт гудамж орвонгоороо эргэж танил бүхэн сүйдсэн байхыг нүдээр үзэхдээ би ч өөрийн эрхгүй цочролд орлоо. Энд ямар гэгчийн гайт үйл хэрэг тохиосон болоод байшингууд нурж, сүйдэх нь сүйдэж, шороогоор зам хучигдаж бас хаа нэгтээ гал гарч байгаа нь хар утаагаар танигдаж байна?
"Дэлхийн сүйрэл ирчихээ юу? Гэгээн цагаан өдрөөр үү?" гэж амандаа хэлэхэд хэн нэгэн мөрнөөс хүчтэй зуурахад цочин эргэн харвал нүүр ам нь халтардаж, хувцас нь ч шороо болсон нэгэн залуу эмэгтэй над руу түгшсэн нүдээр харж "Чи юу хийгээд зогсоод байгаа юм бэ? Хурдхан гүй. Хурдхан хамгийн өндөр барилга руу гүй. Дэлхий сүйрч байна. Бидэнд цаг байхгүй. Амьд үлдэхийг хүсэж байгаа бол хамаг хурдаараа гарц руу гүй." гэж тэнгэрт заахад заасан зүгт нь хотын хамгийн өндөр барилга буюу телевизийн цамхгийн дээд хэсэгт нэгэн цагариг зүйл гэрэлтэн эргэлдэж байхыг би олж харлаа.
Эмэгтэй намайг зүгээр зогсоод байхыг харж тэвчээгүй бололтой хувцаснаас минь татан дагуулан гүйж, учрыг нь тайлбарлахгүй атал яарах ёстойг сануулсаар урд гарч зогсолтгүй гүйсээр. Ямар гэгчийн чөтгөр идмээр зүйл энд болсныг мэдэхгүй ч учир зүйгээ алдсан болоод тэнгэрт хачирхалтай дүрс үзэгдэж, бүх зүйл сүйрсэн аятай болж, одоо бас хаанаас ч юм айдсаасаа болж ухаанаа алдахаа шахсан эмэгтэй намайг телевизийн цамхаг руу гүйхийг шалгааж байна. Энэ эмэгтэйг хаа нэгтээ харсан ч юм шиг санагдана. Бүрэн дуусгаж чадаагүй ахлах сургуульдаа ч юм уу, хаа нэгтээ зугаа цэнгээний газарт хуучны найзуудтайгаа хөгжилдөж явахдаа ч юм уу аль эсвэл зүгээр л гудамжинд таарч өнгөрсөн ч юм уу мэдэхгүй хаа нэгтээ харж байсан мэт мэдрэмж төрөх юм.
Ямартай ч өөртөө анхаарал тавьдаггүйгээс хөл сүүлдээ өвдөж, олон жил дасгал хийгээгүйд ч юм уу бахардаж эхлэх үедээ би түр амсхийхээр зогсоод нэг хартал одоо ч гэсэн бүрэнхий хэвээр л буйг анзаарав. Яагаад нар жаргахгүй байгааг гайхахын хажуугаар жаргаж байгаа юм бол бас яагаад энэ их шороо, хар үүлний цаанаас байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаад эргэлзэж байтал өнөөх эмэгтэй зогсоод над руу эргэж "Чи юу хийгээд байгаа юм бэ? Бид хурдан эндээс явах ёстой. Хурдхан шиг гарц руу очих хэрэгтэй." гэж намайг яарууллаа.
YOU ARE READING
Зэргэлдээх ертөнцийн мөргөлдөөн
General FictionХормын дараа үхэл ирвэл хийж амжсангүй гэж харамсах харуусал чамд бий юу?