V

22 2 0
                                    

Хар нүх рүү унахад гэнэт л орчин цагаанаар солигдож, хэн нэгэн намайг халуун тэвэртээ авах шиг л мэдрэгдэв. Хэзээ ч мэдэрч үзээгүй төрсөн эхийн тэврэлт, хэзээ хамгийн сүүлд намайг өргөн авсан гэр бүлтэй хамтдаа суун хооллосныг мэдэхгүй ч үүнтэй ижил дотно мэдрэмж бүрхээд авлаа. Удаан хугацаанд хайснаа ч ялгаж таниагүй энэ гэнэтийн дулаан. Яг л намайг сайн сайхан руу тэврэн зөөх шиг дулаанаас дулаан бас дотноос дотно мэдрэгдэж байна.

Ингээд хэн нэгэн намайг зөөлөн орон дээр чимээгүйхэн тавих шиг болоход би алгуур нүдээ нээхдээ хөвөн шиг цагаан зүйл олж харсан юм. Яг л үүл мэт цагаан хөвсгөр зүйл доор минь байх юм. Өндийн босоод харах юм бол, гараа үүнд хүргээд бүр дүрж ч үзэх юм бол яах аргагүй хөвөн шиг зөөлөн, өд шиг хөнгөн, үүл шиг хөвсгөр тийм л дэвсгэр байх нь тэр.

Гайхаж цочирдохдоо огцом босоод гэнэт л уначих юм шиг санан зөөлөн алхаж, алхаад унаагүй болохоор гүйж ч нэг үзэж, хөл минь мэдрэгдэхгүй хэрнэ үүлэн дээр тогтоод буйдаа сүүлдээ ч баясан хөөрөв. Тэгж яваад нэг зогсож урагш харахад үүний ирмэгт тун ойрхон бууснаа бас анзаарлаа.

Ядарч байсан бие илаарьшиж, зовсон сэтгэл ч тайвширчээ. Харин гүнзгий амьсгаа авах гэхэд яагаад ч юм саяхныг хүртэл амьсгалаагүй ч юм шиг хачин санагдана. Гэсэн ч би зориг гарган өнөөх ирмэгт тулан очоод үнэхээр л үүлэн дээр буугаад ирэв үү гэж шалгахаар доош шагайн харахад хамгийн түрүүнд танил хотоо харсан юм. Танил танилдаа ямар ч сүйрэлд автаагүй миний өсөж төрсөн хот. Төрсөн эх минь хаяж, аав минь айлын үүдэнд үлдээж, өргөж авсан гэр бүл минь гэрийнхээ хойд талбайд тоглуулж, гудамжны хөвгүүдэд дээрэлхүүлж, найзтайгаа цуг тэднийг сөргүүлэн хариугаа авч, анхны хайр бас анхны салалт, хамгаас их итгэсэн хүндээ хууртагдсан бас хаягдсан, хамгаас сайхныг олсон бас гээсэн, хамгаас уйтгартай ажилд сонголтгүйгээр орсон бас ажилласан, хамгийн сүүлд цагаан хувцастай өвгөнд үйлчилсэн кофены газар гээд бүгд л дурсамжаа нэгэн хэвээр хадгалсан энгийн нэг өдрийн зураглал.

"Ийм зүйл байх боломжгүй дээ? Дэлхий миний өмнө сүйрсэн шүү дээ. Кофены газар хүртэл сүйдсэн. Хаалганы цонх хагарчихсан, доторх бүх зүйл нь шороонд дарагдчихсан байсан!" гэтэл хотын зураглал томорч кофены газрын үүдийг надад харууллаа. Цочирдсон би энэ үзэгдэл томрох гэхээс илүү тэр үүдэнд хэвтэж буй танил нэгнийг хараад хөшиж орхисон юм. Учир нь яах аргагүй би тэнд хэвтэж байсны дээр хажууханд минь дугуйтай залуу бэртсэн хөлөө чирэн ирээд надад ойртон сууж миний биеийг сэгсчиж байхыг харлаа.

Зэргэлдээх ертөнцийн мөргөлдөөнWhere stories live. Discover now