Махан биеэр хатуу зүйл дээр газардахад аймшигтай их өвдөлт мэдрэх байх гэж айсан ч ердөө төмөр дээр гутлын өсгийгөөр гишгэх шиг эсвэл төмөр хавтан дээр алхаар зөөлөн цохих шиг дуу чихэнд сонсогдож би үхлийн заагт очих бус харин гялалзсан төмрөөр бүрхэгдэж, тэдгээр төмрүүд хөх туяагаар цайрах нь бас л нар болох гэрэл нь цөөн тусдагийн шинж байлаа. Ямартай ч амьд, амьсгаатай бас гарцаар дамжин нааш ирэхдээ бэртэж гэмтэх байтугай төгсгөл нь үзэгдэхгүй том төмөр тавцан дээр шууд л хаягдаагүй болохоо ойлгов. Гэсэн ч хойно хүмүүс дуугарах шиг болоход гайхан хартал барилга ч гэх үү эсвэл хэн нэгний бүтээн байгуулсан төмөр цамхаг ч гэх үү яг л зөгнөлт кино шиг ертөнц ард минь сүндэрлэж байсны дээр сүм дуганыг мянган жилийн ирээдүйд аваачсан аятай үзэгдсэнд дотор өөрийн эрхгүй хүйт даалаа.
Гарцаар дамжин энд надтай ижил унаж ирсэн хүмүүс босчхоод эргэн тойрноо гайхалгүй, хаана ирчихсэн болохоо ч шалгахгүй өөр нэг тийш гүйж эхэлж буйг нь харахдаа одоо бас ямар гэгчийн зугтал болоод буйг гайхсан. Гэсэн ч энэ ертөнц төгсгөл нь биш байх шиг. Ер нь л хүн бүрийн аюулгүй гэж бодон зориод буй газар биш байх шиг санагдана. Ямар амьтай зүйл нь ийм хүйтэн төмөр орон зайд сайхан амьдрах билээ дээ? Эндэх жихүүн газар яав ч хүн төрөлхтөнд зориулсан эд биш байхаас зайлахгүй.
Хөл дээрээ босоод би дээш харахад тэнгэр гэж үзэгдэхгүй сааралтаж байсан ч төмөр барилгын оройнууд харин тод цухуйж байлаа. Гэвч зөвхөн нэгнийх нь орой дээр салхи шууран эргэхийг анзаараад бид энд саатах бус харин тийш хүрэх ёстойг ойлгосон юм.
Намайг гүйхээс өмнө гэнэт л хүний ёолох хоолой ард гарахад зогсоод эргэж харвал танил царай хугарсан бололтой хөлөө барин зовлонтой гэгч нь дуу гаргаж байх нь тэр. Гүйгээд явах боломж надад байсны дээр үүнтэй ижлээр унаж ирсэн хүмүүс улам хүчтэй газардан хөл гараа эсвэл ямар нэг биеийн хэсгээ өвтгөн хугалах нь нэмэгдэж байсан тул хүнээр орж буй энэ бороон дунд би өнөөх танил царайгаа зүгээр л хараагүй юм шиг зөрж чадсангүй. Тиймээс ч хэдэн жил дуугараагүй хуучны найзаа босгох гэж, түүнийг багахан ч болов урагшлахад туслах гэж доош суутал тэр намайг харснаа толгой сэгсрээд, духан дээр нь ялгарсан хөлсөө арчиж "Үүнийг ав. Энэ чамайг цахилгаан шат руу оруулах болно. Энд хүн болгон өөрийн цахилгаан шатаар дээшилж байна. Хэрэв чи амжиж өөрийн цахилгаан шатанд хүрэхгүй бол энэ ертөнцтэй цуг сүйрнэ." гэлээ.
Би түүнээс өнгөрсөнд хэрхэн амьдарч байсан, яагаад надтай ганц ч удаа эргэж холбогдож зүрхлээгүй бас тэр яаж энд юу болоод буйг мэдэж байгааг нь асуухыг хүссэн ч сунгасан гар нь миний атган дээр нэгэн түлхүүр унагахад яаравчлах ёстойг газар чичгэнэх үеэр мэдсэн юм.
YOU ARE READING
Зэргэлдээх ертөнцийн мөргөлдөөн
General FictionХормын дараа үхэл ирвэл хийж амжсангүй гэж харамсах харуусал чамд бий юу?