✦
Олон жил эзэнгүй байсан хөршийн маань тансаг эдлэн эцэст нь эзэнтэй болсон бөгөөд хүмүүс түүнийг "залуухан, баян, царайлаг" гэх үгсээр тодорхойлж байсан нь анхаарлыг минь ихээхэн татаад байв. Аав ээж хоёрын яриагаар бол түүний эцэг эх нь ихээхэн хөрөнгөтөй хүмүүс байсан ба олон жилийн өмнө хот суурин газар луу нүүснээс хойш ирээгүй, харин хүү нь эцэг эхээсээ хойш энд суурьшихаар ирсэн нь энэ ажээ. Гэр бүлээс нь өвлөж ирсэн хөрөнгөөс гадна өөрөө зохиолч, энэ нь ч тун амжилттай явдаг учраас чинээлэг гэх зэргийн яриа нь энэ жижигхэн газар тэр дороо л тархаж орхижээ.
Аав ээж минь худалдаа наймаа хийдэг бөгөөд энэ нь ч тун амжилттай тул манайх гэгч айл одоогоор дутагдаж, гачигдах зүйл үгүй, хангалуун сайхан амьдарч байгаа билээ. Би гэдэг хүн энэ жил төгсөх ангийн сурагч. Номонд ихээхэн хайртай учраас өрөөнийхөө хажууд байдаг номын өрөөнд бүтэн өдрийг өнгөрөөх нь элбэг.
Доод давхараас ээж намайг хоёр ч удаа дуудаад амжсанд би яаравчлан шатаар буух ба унахгүйг хичээж байлаа.
"Үүнийг хөршийн залууд өгчихөөд ир. Цаашдаа мэнд устай байцгаавал хэн хэндээ зүгээр дээ."
Тодорхой хэмжээнд сонирхож байсан хэдий ч их л муухай ааштай хүн гэж сонссоноосоо хойш мэнд ус мэдэлцэх нь байтугай харц тулгарахаас ч эмээх мэдрэмж минь давамгайлж буйг мэдэрч байна. Гэсэн ч би элдэв янзын шалтаг тоочилгүй ээжийн хийсэн сагстай зүйлийг барин явсаар хашааных нь хаалганы хонхыг дарж орхив.
Удалгүй хижээл насны, намхан нуруутай эмэгтэй гарч ирэх бөгөөд хашааны үүд хүртэл ирэхийг нь хүлээх миний амьдарлын талыг үрэх хэмжээнд шахуу удаан байх аж.
"Ямар хэргээр ирсэн, хэн билээ?"
"Аав ээж маань үүнийг шинэ хөршдөө өгөөрэй гэсэн юм л даа. Та үүнийг дамжуулаад өгчих үү?"
Тэр огтхон ч хариу хэлсэнгүй оронд нь над руу гараа сунган, анх харж байсан өнөөх л төв царайгаа гаргах нь жаахан эвгүй санагдаж байв. Сагстай зүйлээ өнөөх эмэгтэйд бариулчихаад гэрийн зүг явах үед олон бодол толгойнд эргэлдээд эхлэх нь тэр.
Саяны эмэгтэй өнөөх зохиолч гээд байгаа эрийн гэрт үйлчилдэг хүн болж таарлаа. Хүнтэй харилцах харилцаа, нүдний харц, үйл хөдлөл нь хамгийн хүйтэн цаг агаар шиг л. Хэдхэн үг солих хооронд миний бүхий л энергийг сорж байгаа аятай л...