✦
Өндөр хамар, алаг нүд, түүний царайнаас өөлье гээд өөлөх хэсэг нэгээхэн ч олсонгүй.
Намайг түүнээс харцаа салгаж чадахгүй ширтэх зуур тэр аль хэдийн эцэг эхтэй минь мэнд мэдээд зоогийн ширээнд суучихсан байв. Томоос том ширээнд бид дөрөв л суух ба одоогоор чимээ анир үгүй.
Зоогийн тэнхимд халбага, сэрээ тавагтай харшин дуугарахаас өөр чимээ үгүй. Хэрэв манайд ялаа байсансан бол ялаа дүнгэнэх чимээ ч мөн адил гарах байсан биз.
Анир чимээгүй орчинд аавын хоолой сонсогдох ба энэ үед л арай ядан түүнээс харцаа салган аавд анхаарлаа хандуулах гэж хичээв.
“Энд бүр мөсөн суурьшиж байгаа юу?”
Хариуд нь тэр хутга сэрээгээ тавган дээрээ зөөлхөн тавих бөгөөд энгэрийн халааснаасаа алчуур гаргаж ирэн, уруулан дээрээ зөөлхөн товшив.
“Тиймээ, зохиол бичиж, бүтээл туурвих гайхалтай орчин гэж бодож байна. Шигүү ургасан мод, чийглэг уур амьсгал нь өндрөөр үнэлэх болсон шалтгаануудын нэг.”
Би түүний хоолойг дахин сонсохын тулд ямар нэг хуурцган дээр бичиж аваад дахин дахин тоглуулаад, сонсож баймаар. Эсвэл түүнтэй цаг үргэлж хамт байж, утгагүй олон асуултуудыг асууж, бүр амьдарлынх нь мөч бүрийг түүний сайхан хоолойгоор яриулмаар... Тийм л сайхан санагдана. Миний бодлыг аавын хоолой таслаж орхих нь тэр.
“Ашгүй дээ, чи их найдвартай хүн шиг санагдсан юм. Эхнэр бид хоёр ойр ойрхон ажлынхаа шугамаар ийш тийш олон хоногоор явдаг учраас ойр хавьд хүнгүй энэ зэлүүд газар ганц охиноо ганцаар нь үлдээхээс их санаа зовдог байсан юм. Чамд түүнийг найдаж байж болох уу? Төвөг удаж байгаа бол уучлал хүсмээр байна. Байнга хамт бай гэх зэргээр хүндрэл учруулахгүй ээ. Ердөө хааяахан анзаарч байхад болно.”
Миний талаар ярьж эхлэх үед түүний харц над дээр тусах ба хацар минь түлэгдэх нь үү гэлтэй халуу төөнөж, битүүхэндээ түүнийг зөвшөөрөөсэй гэж хүсэж байлаа.
Тэр над руу харсан чигтээ “Мэдээж хөршийн хувиар анхаарал хандуулахад татгалзах зүйл үгүй. Харин залуу авхайн хувьд?” Хэмээн нэг хөмсөгөө багахан өргөх ба энэ нь намайг бараг л сүйрүүлж байлаа. Зүрх минь галзуурах шахаж байна.
“Т-тиймээ надад ч бас татгалзах зүйл байхгүй ээ.” Үүнийг хэлэхдээ ээрсэндээ итгэхгүй нь ээ. Үнэхээр ичмээр юм.