Гэр бүлээрээ нэг зугаалганд явав аа манай гэрийнхэн. Аягүй адал явдалтай.
Баянхонгороос Тэрхийн цагаан нуур үзэх гэж хоёр машин гарч байгаа юм. Аав дугуй хагарч юуны магад гээд дугуйны нөхөөс авна гэж байгаад мартчихсан Хужиртаар дайраад дугуй засвар луу ороод авах гэсэн манай нөгөө машины жолоочийн таньдаг хүн таараад хуушуур хайраад өгье ороод ир гэв ээ.
Тэгээд явж ороод хүлээгээд суусан удаа ч үгүй миний алгыг хоёр нийлүүлчихсэн юм шиг аймаар том хуушуурнууд авчраад урд тавьчихдаг байгаа. Үнэн шүү. Ёстой л хоёр алга хэмжээтэй аймаар том хуушуур идээд. Томчууд нь буу халж ууж суугаад. Аав жаахан халчихсан ингээд цаашаа замдаа гарав.
Манай аав чинь уг нь аягүй хатуу үгтэй ер нь л аягүй ширүүн, харин уухаараа ёстой хамаг дотор нь гарч ирдэг төрлийн хүн. Бид хэдэд чинь ёстой элдэв юм ярьдаг байхгүй юу.
"Аав нь аавтайгаа ингэж аялаж зугаалж үзээгүй. Та хэдийг л дараа аавтай ингээд явж байж билээ гээд бодох болов уу, дурсамжтай байх болов уу гээд л яваад байгаа юм" гээд л эхэлсэн.
Эхний өгүүлбэрээс нь эхлээд л нүдэнд нулимс цийлэгнээд эхэлчихсэн.
Ирээдүйн хань, машин яаж барих, ямар нэгэн осол аваар гарах нөхцөл бүрдсэн үед аав нь яаж ийгээд та нарыгаа амиараа ч хамаагүй хамгаалахад бэлэн шүү. Тэртэй тэргүй үхэх нь мэдээжийн хэрэг. Маргааш ч байхгүй байхыг үгүйсгэхгүй энээ тэрээ гээд л.
Байхгүй ээ, нулимс нь ойрхон хүн чинь чимээгүй уйлаад сонсоод л яваад байлаа. Аав ээжид нээх тэврүүлж үнсүүлж байгаагүй ер нь ховорхон юм болохоор ганц үнсүүлээд л хоолой зангираад ирсэн. Тэгээд ер нь баахан уйлсан.
Тэгсгээд орой ч болчихсон нэг газар бууж хоноё гээд голын эрэг хайв аа. Хархорин өнгөрөөд ёстой буучих газар олддоггүй юм даа. Голын эрэг битүү майхан. Нэлээн явж байж нэг голын эрэг дээр буулаа.
Маргааш нь энд тэнд зургаа авахуулцгаагаад л гайгүй яваад байсан юм. Тайхар чулуу энэ тэр үзээд. Тэгсэн гэнэт л машины хянах дээр алдаа заагаад баахан гэрэл асаад болж өгдөггүй ээ. Хэд хэд зогсож хамраа сөхөж янзлах гээд үзлээ болдоггүй.
Гайгүй байлгүй гээд нуур луугаа явахаар дөнгөж шийдээд нэг нуруугаад өгссөн чинь гарч дийлдэггүй ээ. Өгсүүр газар нам зогсчихсон. Тэгээд нэг хүчлээд өгсүүр газраасаа буухаар эргэв.
Нэг газар зогсоод нөгөө машиныхантайгаа яриад буцахаар болоод эргээд явъя гэсэн чинь цагаан даваа гэж даваагаар гарах гэж алаан болж байгаа юм. Хар мянган машин нөгөө эгнээгээр түгжрээд зарим хүнээ нөгөө машин руугаа шилжүүлж хөнгөлөөд даваа руугаа зүтгэв.