Жаахан юм ярьж өгье. 20 хоногийн турш ачаалалтай том бөөний төвд ажиллахдаа хэд хэдэн зүйл мэдэж сурч авлаа.
Тэрний нэг нь ажил хэчнээн хүнд байсан ч ядрахгүй байж болдог юм байна.
Манай дэлгүүр 2 эзэнтэй л дээ. Ээж охин хоёр байгаа юм. Охин нь аягүй олон үгтэй төгсийг хэтэрхий баримтлах гээд хичээгээд байдаг.
Ээж нь бол тэгээд эвээр л хэлж ярьдаг.
Дээд хүн нь ямар байна доод хүний ажилдаа дуртай байх, дургүй байх, ядрах, ядрахгүй хамаардаг юм билээ.
Охин нь өдөржингөө үглээд л, энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна, энийг дахиад өр, тэрийг ч буулга гээд үглэчихнэ. Тийм өдрүүд цаанаа л нэг бухимдалтай, стресстэй, ядралтай байдаг.
Харин сүүлийн хэд хоногт охин нь бараандаа яваад ээжтэй нь л ажиллахад хэчнээн өмнөх өдрүүдээсээ хүнд ажилтай, өдөр болгон хоёр дарааллаад ачаа бараа ирсэн ч ядрахгүй байж болдог юм байна лээ.
Тэгээд би бодсон юм. Хүнийг хүнд хүчир ажил биш стресс л ядраадаг юм байна. Гэхдээ бие үнэхээр ядарч л байгаа л даа. Тэгсэн ч сэтгэл зүйгээрээ ядрахгүй байхад ядарснаа орой гэртээ ирээд орондоо ороод хэвтэхдээ л мэдэрдэг юм билээ.
Хоёр дахь нь гэвэл ажлаа дургүй хийж байгаа бол хэзээ ч битгий цаг харуулдаж хүлээ. Тэр тусмаа цаг явахгүй.
Харин хэчнээн дургүй байсан ч өөрийгөө завгүй байлга. Тэгвэл нэг мэдэхэд л цаг явчихсан тарах цаг хүртэл ганц хоёр цаг л дутуу болчихсон байдаг.
Ажилдаа дуртай бол гэж хэлэхгүй ээ. Угаасаа хэчнээн тэвчсэн ч дээрддэггүй зүйлс бас байдаг болохоор дуртай болох гэж хүчлээд байх хэрэггүй. Зүгээр л завгүй бай. Өөртөө цаг харах боломж битгий олго.
Сүүлийнх нь бол үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа бол хэн хүнгүй соёлтой бай.
Тэр газрын ажилтан гэхээр л зарц боол чинь гэсэн үг ердөөсөө ч биш. Тэд ч бас тантай адилхан хүн. Дээгүүр доогуур зиндааны энэ тэр гэсэн бодол байдаг бол толгойноосоо авч хаяасай гэж хүсмээр байна.
Өчнөөн олон ачаа бараа ирээд яаж нааш цааш нь болгоё доо гэж байтал зүгээр зайдас татаж унагаах шахчихаад энийг барьж бай даа хөөе гээд зогсож байдаг сонин сонин хүмүүс бас байх юм аа байх юм. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг байдгаа жаахан больчихвол зүгээр шүү.
Аан тийм. Орсон дэлгүүр чинь цэвэрлэгээ хийгээд шалаа арчиж байвал тойроод гарчих боломж байвал тойрчих жаахан ч гэсэн сэтгэлтэй байгаарай. Тэр хүн чинь ямар хүнд өдрийг туулаад арай гэж буух нь гэж баярлаад цэвэрлэгээгээ хийж байгааг та ч би ч мэдэхгүй.
Үнэхээр тойрох боломж байхгүй байвал уучлал гуйгаад явчихвал бас тэр хүний сэтгэлд арай дээр байдаг юм шүү.
Ганц тэр ч биш, ер нь хоолны газраар үйлчлүүлэхдээ ч тэр цэвэрхэн идэж уугаад аяга тавгаа хураагаад тавьчихдаг байгаарай.
Заза нэг тиймэрхүү л шив дээ. Жаахан гомдоллочихсон уу?😆