Eyes of Violin

1.1K 114 47
                                    

Өнгөнд шунасан хүний нүд сохор байдаг

Өөрийг дээдлэгч нэгний сэтгэл үзэмжгүй муухай байдаг


Энэ бол үзэсгэлэнт хайрын түүх биш, хайр үгүй үзэсгэлэн, үзэсгэлэн үгүй хайрын тухай түүх билээ.

Эрт цагт юмсанж. Орчлон ертөнцөд хосгүй үзэсгэлэнт хийлчэн бүсгүй, хорвоог бишрүүлэм сайхан залуу хоёр байж гэнэ. Тэд ертөнцийн хоёр талд өөр өөрийн түүхтэй оршин байлаа.

Үзэсгэлэнт хийлч нар мэт гэрэлтсэн инээмсэглэлтэй, сар шиг тунгалаг нүдтэй, цас мэт цагаан царайтай, цусан улаан уруултай, савхан цагаан хуруутай, торго мэт булбарай арьстай, салхи мэт зөөлөн үстэй, ертөнцийн хамаг сайхныг цогцлоосон гоо дагина адил нэгэн байв. Сүмбэн цагаан хуруугаараа хатан хийлийн чавхдасыг уянгалуулан эгшиглүүлэн тоглодог, сонссон хүн бүрийн ухаан санаа хийсэн оддог, залуу хүн байвал төд мөдхөнөө дурлан унаж орхидог шидтэй юм гэнэ. Түүнийг нүдээ анин хийлээ тоглоход түмэн уулсын цаанаас ч ховсдуулан ирдэг тийм шидтэй гуа төгөлдөр хийлч байлаа.

Гэсэн ч үзэсгэлэн төгөлдөр бүсгүй өнгө зүс шигээ төгс сайхан сэтгэлтэй нэгэн байсангүй. Хийлийн ганц аянд унаж тусдаг залуусыг өөрт нь хэзээд үл нийцнэ хэмээж, өнгө зүсний нь сайхныг бишрэн шүтсэн эрчүүдийг сүүдэрт нь ч хүрэхгүй дорд хэмээн сэтгэж, өөрт дурлан сэтгэлээ өгсөн хамаг л сайхан эрс, хүчирхэг баатруудыг үл ойшоон, сэтгэлийг нь юман чинээ бодолгүй хөсөр хаядаг байлаа. Түүнд зүрх сэтгэлээ хага базуулсан эрс цөм энэлэн гуниж, өнгө зүс алдан, хорвоод амьдрах хүслээ ч умартдаг байв. Үзэсгэлэнт сарнайд хүрэхийг хичээвч өргөст бут хатган хүрч үл чадахын сацуу гэмтэн бэртдэг болой.


Харин ертөнцийн нөгөө талд залуухан, сэтгэл татам залуу охид бүсгүйчүүлийн зүрх сэтгэлийг гижигдэн оршино. Залуу үлгэрт гардаг ханхүү адил өнгө зүс сайтай, нуруу туруу, бие хаа зорсон мэт галбирлаг гуа, шүд нь хасын цагаан, хамар нь хянга өндөр, хуруу гар урт бөгөөд шөрмөслөг, алхаа гишгээ гунхалзсан сайхан, эгээ үгээр хэлж, үзгээр бичимгүй үлгэрийн тансаг нэгэн байв. Нас залуу, цус шингэн тул эр зориг ихтэй, ид хаваа гайхуулсан сайн эр байлаа. Түүний хамгийн ихэд дур татах зүйл нь сувд мэт гялтганасан үзэсгэлэнт нүд байлаа. Хамгийн үзэсгэлэнтэй нь түүний нүд болов уу хэмээн хүмүүс гайхан шогширмоор оч гэрэлтсэн хурц нүд байсан юм.

Eyes of violin\Oneshot\ Where stories live. Discover now