-Энэ бол манай гэр бүлийн үнэт эрдэнэ. Өвөг эцэг, түүнээс ч өмнөх үеэс манайд өвлөгдөн ирсэн эд байгаа юм. Чамд анх удаа харуулж байна хэмээн хуучин зотон дээр зурсан зураг өглөө. Өмнө нь дарь эхийн зургийг музейд л харж байснаас биш эмэгтэй бурхны хөрөг урьд харж, сонирхож байгаагүй ажээ. Бүрэн лянхуа байрлалаар суун, нүдээ хагас аньж, орхимжоороо тал хэсгээ далдлан, нэг талын хөх нь ил гарсан амарлингуй дүртэй эмэгтэй бурхны хөрөг байх аж. Зураас татлага, хийцэд нь илүү ч дутуу ч татлага үгүй нь монгол уран зургийн барилтай адил мэт боловч мөн адил гэж хэлж боломгүй аж. Аринг зургийг нэг нэгэнгүй шимтэн харж байхад аав нь тамхи нэрж
-Чамайг урлагт сонирхолтойг чинь хараад битүүхэндээ баярлаж л явлаа. Энэ бурханг аав нь шүтдэг юм. Өвөө чинь, элэнц чинь гээд бүгд л шүтэж ирсэн байх гэж боддог юм. Амьдралдаа энэ эмэгтэй бурхны тухай мэдэх гэж хичээгээд юу ч олоогүй юм шүү. Чамайг шүт гэж байгаа юм биш. Гэхдээ ядаж номоор нь яваа хүн байна. Учрыг нь тайлж юуны магад гэж байгаа юм. Одоо энэ зураг чинийх. Хэрэг болоод гадуур зарах гэхэд сохор зоосны ч үнэ хүрэхгүй байж мэдэх ч гэр бүлийн үнэтэй эд байгаа юм шүү. Надад чамд өгч чадах зүйл энэ байна гэснээс өөр үг хэлэлгүй цааш хараад хэвтчихэв. Энэ явдлаас хойш удалгүй аав нь нүд аньсан юм. Арин хэдий шүтлэггүй хэдий ч тэр шөнөөс хойш өнөөх зураг сэтгэлийг татаад байх боллоо. Шинэхэн орсон байрандаа илүү дутуу тавилга, гоёлгүй өрөөнийхөө хэвийг алдагдуулан байж тэг голд нь өлгөчихсөн юм. Нүд нь хагас аниатай хэдий ч хаана ч байсан өөрийг нь ширтээд байгаа мэт мэдрэмж нь аймар бус харин халуу төөнөм дулаахан аж. Амралтын өдөр бүр гэрт нь айлчилдаг эгчмэд эмэгтэйтэй энгэр зөрүүлэхэд хүртэл харж байгаа мэт санагдсанд гэртээ өнөөх эмэгтэйг ч дуудахаа больчхов. Хүн хараад байгаадаа биш ердөө гэм үйлдээд байгаа мэт санагдахад л нэр нь үл мэдэх бурхнаа шүтэж эхэлснээ ойлголоо. Өнөөх бурхнаа хуйлан авч гаран хийд, лам нараас асуусан ч мэдэх хүн гарч ирсэнгүй. Арин үнэндээ ийм хурдан учрыг нь олчихгүй гэдгээ мэдэж байсан юм. Өнөөх зургаа аван урлаг судлалын өндөр настай багш дээрээ очиж асуухад
-Монгол зурагтай их төстэй юм. Гэхдээ биш. Урьд олон зураачийн бурхны зураг харж байсан ч иймийг харж байсангүй. Би чамд нэг хүнийг зааж өгье. Бурхан урлаач хүн байгаа юм. Өдгөө амьд бол мэдэж л таараа гээд хаяг бичиж өгөөд явууллаа. Багшийнхаа заасан хүндээр очиход зураачийн урлан шиг газар төсөөлж байсан ч буйдхан гэрт нь бурхан урлаач гэж хэлэхээргүй уран бүтээлч хүний ганц ч шинж ажиглагдсангүй. Тэрээр хуучин тэрлэг хэдрэн, хажуудаа данхтай цай тавин ном ширтэн суухдаа Арины орж болох уу? гэсэн үгэнд ч хариулсангүй. Түүний гадаа удаан зогсоход
-Одоо ор гээд хажуудаа номоо тавилаа. Их сургуульд ганц семестр судалж байсан төвд хэлээрээ номын гарчгийг ядан байж "Салман Рушди" гэсэн нэрийг гаргалаа. Өвгөн хүүд цай хийж өгөн
-Чи өнөөх хүү байх нь. За хэрэг явдлаа эртхэн хэлдээ гэхэд Арин өнөөх зургаа гарган өгөөд цайнаас амслаа. Урьд амталж үзээгүй аагтай хэр нь гашуундуу цай байна. Өвгөн хүүгийн царайг харан ёжтой инээн
-Гашуун байна уу? Би уг нь эрх чөлөөг эрхэмлэдэг хүн байгаа юм. Хачин нь эрх чөлөөгөө сайн дураараа зөвхөн энэ цайнд өгчхөөд байгаа хүн дээ гээд мөн л инээв.
-Энэ ямар цай вэ?
-Хүү минь чи мэдээд хэрэггүй дээ. Над шиг донтоод бүр дэмий гээд зургийг задалж хараад таг дуугүй болчхов.
-Та зураачийг нь, эсвэл энэ ямар нэртэй бурхан гэдгийг мэдэх үү? гэхэд ерөөс хариулсангүй.
-Царайг нь харвал монгол эмэгтэй шиг. Гэхдээ суудал, гарын байрлал нь шарын шашин лав биш дэг гэж сонсогдохгүй шахам амдаа үглэн
-Чи энэ зургийг хаанаас олоов? гээд хуйлаад ширээн дээр тавилаа.
-Гэр бүлээс өвлөгдөж ирсэн зураг байгаа юм гэхэд өвгөн бодлогошрон суухдаа
-Эмэгтэй бурхныг нь урьд харж байгаагүй юм байна. Харин урласан хүн нь...Би нэг удаа зэнгийн хийдэд адилхан арга, хийцээр зурсан зураг харсан санагдана. Гэхдээ тэр зургийг үзье гэвэл багшаас нь их л гуйх хэрэгтэй болно доо. Надад үзүүлэхдээ их л чандлан хадгалж байсан юм. Арин өвгөнөөс хийдийн хаягийг бичүүлж аван талархсанаа илэрхийлээд явлаа. Маргааш нь хийдийн зүг ажлаасаа чөлөө аван япон явахаар шийдсэн юм.
Хэдий хурдан явах гэсэн ч хойшилсоор сарын дараа гэхэд япон орны зүг хөдөлж, хөдөө зэлүүд газраар дайран алхсаар долоо хоногийн дараа хийдийнхээ үүдэнд ирсэн байлаа. Хуучны, үзэж сонирхох зүйл багатай энгийн хийд байлаа. Арин Их багштай нь мэндлэхдээ хэрэг явдлаа хэлэхэд "тийм зураг байхгүй" гээд мэхийн цааш одсонд түүний бүхий л хэрэг нурчих нь тэр. Арин тэр оройдоо хийддээ хонохоор болж, шөнө хийдийн асарт хавирган сар харан, далайн чимээ сонсон, далайд зүсээ хувиргах сарны гэрлийн ажихад нойр нь улам сэргэнэ.
Маргааш нь таарсан хэдэн хуврагаас зурагны талаар асуусан ч мэдэх хүн нэгээхэн ч байсангүй. Арин тэдний нэгэн адил өдрийн бясалгах цагаар үүдэнд суун мөн бясалгахад түүний хажуугаар тэгшхэн нуруутай, шингэхэн толигор царайтай, нуруундаа судар үүрсэн бүсгүй хөнгөхөн алхсаар баганын цааш орсноо буцаж гарч ирсэнгүй. Арин араас нь нэхэн орвол тэнд хэн ч байсангүй. Эргэн тойрноо нүдээрээ гүйлгэн ажсан ч ямар ч эмэгтэй харсангүй.
YOU ARE READING
Дияанч
Historical Fiction/дууссан/ Олон жилийн өмнө өөрийн хүслээр нутгаа орхин даяанчилж, бүхнийг танин мэдэхийг хүсэл хийгээд эрх чөлөөгөө дагасан хандмаагийн (гэлэнмаа) түүх.