Энэ зураг бидний хайрын билэг тэмдэг болой хэмээх сүүлчийн бүлэг

159 15 7
                                    

           

Харин Лянхуагийн тухайд бүх зүйл өөр байлаа. Багшийгаа мэдэрч байгаа шиг, Эсээнийг мэдэрч байгаа шиг бус огт өөр мэдрэмж төрнө. Түүнийг амьд үгүйг мэдэхгүй ч Лянхуаг хэзээ ч өөрийн гараар нутаглуулж чадахгүй гэдгийг мэдэж байсан юм.

Дара багшдаа амласан ёсоор зэнгийн хийд рүүгээ буцсан юм. Хийдээ орхихоос өмнө хамгийн сүүлд багштайгаа уулзаж байсан өрөөнд орон багшийнхаа өрөөг цэвэрлэхэд нэгэн жижигхэн захиа олсон юм.

"Багш танд амласан ёсоор энэ захиаг тэрлэж сууна. Танд намайг явуулахдаа амласан ёсоор би хамаг орчлонг таних гэж хичээнэ. Балчиг намагт ч лянхуа ургадаг адил таны цэцэг адил сэтгэлийг хаа газар түгээхийг хүсэвч балчир миний ухаан, сэтгэл заримдаа дутах нь ч их юм. Танд эсэн мэнд хийгээд өгсөн амлалтаа биелүүлэх гэж яваа гэдгээ хэлэхийг хүссэн минь энэ. Хэрэв таны захиасыг дагаагүй болбоос таны хийгээд Дара эхийн санааг ч мөн ойлгох тавилангүй байх байв. Би хайсан зүйлээ олсон. Түүний сэтгэл, хайр энэ ертөнцөөр нэг тархсан байжээ. Тиймээс би хайсан зүйлээ хаанаас ч олж чадах сэтгэлийг олжээ. Гүнээ мөргөж, ахин учрах ерөөл тавъя. Хүндэтгэсэн: Уснаа төрөгч (Лянхуа цэцгийг бэлгэдсэн үг) хэмээжээ. Ил захидлыг олоод Дара үнэхээр барялав. Лянхуа эсэн мэнд байна гэдгийн мэдэн түүний захиаг нандигнан, бийрээр бичсэн үг бүрийг нь энхрийлэн үнслээ.

Зэнгийн хийддээ очиход багш, Дүүриймаа, лам нар гээд бүгд түүнийг эсэн мэнд буцаж ирэхэд хүндэтгэн тосож авсан билээ. Багш нь амласандаа хүрч, эргэж ирэхэд баярласан хэдий ч нэг ч үг хэлсэнгүй. Дүүриймаа аялалынх нь талаар огтоос асуугаагүй. Асуух шаардлага байсангүй. Заримдаа хуучнаа дурсан ярихад хоёул хөнгөн инээлдэн өнгөрөх ч хоёулангийнх нь нүүрэнд гуниг илэрнэ. Нэгэн орой Дарагийн хажууд Дүүриймаа суусан байж билээ. Дара бясалгаж суухдаа анзаараагүй ч их л удаан суусан бололтой гунигтай гэгч нь өвдгөө тэврэн уулс ширтэн сууж байжээ. Дара гайхсан ч үг хэлсэнгүйд удаан дуугүй сууж байгаад ингэж хэлж билээ.

-Тэр явдлыг санаж байна уу?... Лянхуаг ирдэг өдөр гэхэд хоёул чимээгүй боллоо. Хорвоод тийм гоо үзэсгэлэнг анх удаа харсан минь тэр. Чамд ч мөн тийм үү? гэхэд Дара инээмсэглэн

-Тиймээ. цаашид ч тийм гоо үзэсгэлэнтэй учирсангүй гэхэд Дүүриймаагийн сэтгэл сэргэсэн мэт толгой дохилоо.

-Бусад түүнийг үзэсгэлэнтэй гэдгээр нь гадуурхахад надад гомдмоор санагдаж билээ гээд дуугаа хураачихав.

ДияанчWhere stories live. Discover now