Түүнийг инээмсэглэхэд би хичнээн инээмээргүй байсан ч өөрийн мэдэлгүй багахан мишээчихсэн зогсож байв. Хоёрхон минутын өмнө танилцсан залуу надад ингэж хурдан нөлөөлнө чинээ санасангүй.
Дөнгөж автобуснаасаа буугаад ахындаа очих ёстой байсан ч хаана гэдгийг нь мэдэхгүй байсан тул замаа дагаж явахад хажууханд нь хашгирах дуу гарсан гэнэ. Мэдээж би орилсон болохоор л тэр биз. Гэхдээ миний үргэлж жижигхэн гэж голдог байсан бяцхан Вержиниод хүн төөрдөг л юм байна.
Түүнийг Люс байгаагүйд би баярлах эсвэл үгүйгээ мэдэхгүй юм. Гэхдээ энэ залуу яагаад ч юм түүнтэй адилхан санагдах юм. Харахад л тоглогч нэгэн гэдэг нь илт байхад түүнд татгалзаж чадахгүй байгаа нь түүнийг улам л санагдуулна.
Өөрийн гэрийн өмнө тулж ирэхдээ би түүнд цаашаагаа чигээрээ нэвт яваад баруун эргэхэд л түүний ахынх байгаа гэдгийг дахин зааж өгөв. Тэр хариуд нь инээмсэглэн толгойгоо дохиод дараа уулзахыг ерөөсөн юм.
Хуучин манай сургуульд байсан нүдний шил, шүдний аппраттай онц сурлагатан гэгдэх Ханнагын гэрийг тэр асуусан юм. Тэдний ах энд нүүж ирээд нэг жил болж байгаа гэснийг бодвол тэднийхэн нүүсэн бололтой.
Түүнийг цааш харан алхмагц би уртаар санаа алдан өнгөө алдсан модон шатаар дээш өгссөөр хоёр жилийн өмнө байнга орж гардаг байсан хаалганыхаа бариулаас барихаас эмээв. Энэ жижигхэн мужид өнгөрөөсөн хугацаа хэтэрхий бага байсан ч амьдралын минь хамгийн том нандин бүхнийг бий болгоод дараа нь юу ч үгүй нураачихсан юм. Түлхүүрээ хоёр эргүүлээд хаалгыг онгойход миний сэтгэл нэг л тогтворгүй болохыг би анзаарав. Гэсэн ч одооноос энд амьдрах тул орохоос өөр арга байсангүй. Хаалгыг нээн урагш нэг алхахад миний нүдэнд нулимс мэлтэлзээд ирэв.
Энэ үнэр...
Тэр энд ирсэн бололтой...