Эхлэл-02
-"Чи, чи Силваг алсан тийм үү?"
Тэр нам дуугаар ийн хэллээ. Ийм хоолойг нь би өмнө нь сонсож байгаагүй юм байна. Яахаа үл мэдэн, хөшсөн байртай байж байхад үйлчлэгч надад Силва-н үхлийн талаар хэлэх нь тэр.
Үүнийг сонсоод, хэдхэн хоромд, аз жаргалын нахиа дотор минь дэлбээлсэн юм. Замд таарсан саад тотгор үгүй болчихсон байна шүү дээ. Одоо л Юуно намайг гэх нь байна. Ахин нэг нэгэндээ гүн дурласан тэднийг харахгүй нь. Гайхалтай зураглал төсөөлөгдөнө.
Гэвч, хэсэг хугацаанд аз жаргалд автаж байсан намайг түүний хоолой бодит байдалд авчирсан юм.
"Үнэхээр чи байжээ" гэх түүний ширүүн хоолой сонсогдоно.
Би чинь юугаа бодоод байнаа?
Тэр хүүхэд миний бяцхан дүү байсан шүү дээ. Хайр сэтгэлийн өстөн дайсан минь байсан ч гэлээ, тэр яалт ч үгүй миний бяцхан дүү шүү дээ. Бага насандаа, би түүний жижигхэн гарыг атгаад, эцсээ хүртэл тэр эмзэг жаахан амьтныг хамгаалахаар шийдэж билээ. Түүний төлөө, би том эгч гэх үүргээ сайн биелүүлнэ гэж амлаж байсан сан. Хэдийгээр би сайн эгч байж чадаагүй, тэр амлалтандаа хүрээгүй ч гэлээ... тэр хүүхэд бол миний бяцхан дүү. Би түүний том эгч шүү дээ.
Тэр хүүхэд, Силва үхчихэж.
Амьсгал авахад ч хэцүү болох нь тэр. Ахин цохилохыг хүсэн, тусламж гуйх зүрхэнд минь хэдийнээ цус шахагдахаа больчихсон уу гэлтэй л санагдана.
"Түүнийг алсан хүн чи байж, тийм үү?"
Миний царайг харангаа, Юуно өнөөх үгээ л арай ядан давтаж буй нь өөрийгөө ятган үнэмшүүлэх гэж буй мэт байлаа.
"Чи буруу бодоод байна"
Зөөлнөөр шивнэх намайг сонссон үгүйг нь би мэдсэнгүй.
"Буруу бодоод байна шүү дээ"
Олон удаа ийн хэлсэн ч, Юуно барьж байсан хутгаа шидээд, орилох нь тэр.
"Би чамайг уучлахгүй. Би чамайг хэзээ ч өршөөхгүй"
Ямар ч сэтгэл хөдлөл үзүүлдэггүй байсан түүний минь мэлмий үзэн ядалтаар дүүрчээ. Хүлээгээч хэмээн түүнд хэлэхийг хүссэн ч амнаас минь нэг ч үг үл цухуйна. Хоолой минь шатаж буй мэт, хэлэх үгс бүрийг минь лацдаад хаячихсан мэт санагдана. Юуно над руу ширтэж байгаад, нэг гүн амьсгаа авснаа ширээний бүтээлгийг татах нь тэр. Ширээн дээр байсан бүх зүйл чанга дуу гаргасаар, газарт уналаа.
YOU ARE READING
Fiancé
FanfictionАхиад л уу? Миний нөхөр миний үзэсгэлэнт дүү рүү нүд салгалгүй ширтэнэ. Хүйтэн нүдэнд нь гялалзах очийг харахад энэ бүхэн болж байсан мэт санагдана. Өнгөрсөн амьдралдаа ч миний нөхөр дүүд минь хайртай байсан. Надад харахаас өөр хийж чадах зүйл байхг...