Ойн гүнд бяцхан дурсгалж цэцэг өндөр моддын салаа мөчир, навчсын завсраар тусах нарны туяа руу тэмүүлэн ургасаар байх ажээ. Хэдий жижигхэн боловч тэрээр хамгийн өндөрт нисэхийг, мөн хорвоо дэлхийд өөрийгөө таниулж мартагдахгүй үүрд дурсагдахыг мөрөөднө. Тэрээр хэнд ч мэдэгдэхгүй үхэж, мартагдахаас, хэн ч өөрийг нь санахгүй байх вий гэхээс айж тэр тухай бодох төдийд дагжин чичирдэг байв.
Нарлаг зуны нэгэн өдөр хүү охин хоёр ойн жимээр алхсаар өнөөх дурсгалж цэцгийн үндсээ тавин ургасан модны дор суун элдвийг ярилцаж байлаа.
Охин цэнхэр ягаанаар алаглах бяцхан цэцгийг олж хараад "Хөөх" ямар хөөрхөн юм бэ? хэмээн дуу алдлаа.
Хүү "дурсгалж байна" гэв.
"Битгий мартаарай" гэсэн утгатай гэдэг бил үү? гэхэд хүү "Намайг битгий мартаарай" гэж охинд шивнээд дурсгалж цэцгийг тасдан авч охинд өгөв.
Бяцхан дурсгалж хөрснөөсөө салж, хөвгүүний гарт атгагдан үзэсгэлэнт охины үсэнд зүүгдэхдээ анх удааа тийм өндөрт гарж үзэв. Үндэснээсээ салахад өвдсөн хэдий ч үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байлаа. Гэвч дахин хэзээ ч нар үзэлгүй хатаж дараагийн хэдэн жил нэг ч нээгдэн салхи үнэрлэхгүй номны завсар хавчуулагдан үлдэнэ гэдгээ мэдсэнгүй.
Хүмүүсийн хувьд дурсамж гэдэг номны завсар хавчуулаглсан цэцэг шиг, хуудас эргүүлэхдээ санадаг ч номоо хаагаад мартагддаг зүйл. Бас дурсаж яваа нэг нь хатаж хорчийсон цэцэг шиг үлддэг тийм л аж зүйл байх.