Бага зэрэг зэвэрсэн төмөр гинжтэй хуучны нэгэн савлуур дээр нааш цааш зөөлхөн хөдөлсөөр би сууж байлаа.
Хааяа хааяахан эргэн тойрноо гүйлгэн харахыг эс тооцвол зүгээр л хөлөн доороо байх шороо руу гөлөрч байсан юм.Цээжин дотор минь байх асуудлууд хэтэрхий багтаж ядаад байгаа мэт хүнд санагдахдаа би уртаар санаа алдах аж.
Харин гүн бодлууд дундаа төөрөхдөө хажууд минь ирж зогссон хүнийг ч анзаараагүй байх агаад түүний хоолойгоо засах чимээ бодлуудыг минь үргээж орхиход би хурдхан шиг толгойгоо дээшлүүлэв.
"Энэ бидний гурав дахь уулзалт байх аа?" өнөөх хөвгүүн над руу инээмсэглэн ийн хэлэхэд би буцан доош хараад
"Тийм л бололтой"
"Санамсаргүйгээр гурван удаа таарвал энэ хувь тавилан байдаг гэдгийг мэдэх үү?"
"Мэдэхгүй ээ"
"Хмм, чи миний хувь тавилан бололтой"
"Утгагүй юм"
Бид үнэхээр хувь тавилангаар учирсан юм болов уу?
Залхмаар санагдах чиний энэ дүр төрх үнэхээр бурхны надад үлдээсэн бэлэг юм болов уу?
Утга учиргүй мэдрэгдэх чиний үг, үйлдлүүд үнэхээр надад зориулагдсан юм болов уу?Хөндий хоосон харагдах чиний энэ харц үнэхээр надад хэрэгтэй юм болов уу?
Зэврүүн салхи хавирга нэвт үлээж, хүйтэн жавар хаалга тогшсон ч гарыг минь дулаацуулахаар чангаас чанга атгадаг чи үнэхээр миний хувь тавилан юм болов уу?
Эсвэл...
Миний үйлийн үр юм болов уу?...
.ℳ𝒾𝒹ℯ𝓎𝒶.
2020.03.20
Хуулбарлах, хувилан олшруулахыг хориглоно.