Арьсан бүрээстэй сандал дээр нь дээш харан хэвтэхдээ гагцхүү хэр их өвдөх бол гэдэгт биш би муу охин болчихгүй байгаа даа гэдэгт сэтгэл минь хамгийн ихээр зовж байв.Хэдий их зовлон үзсэн ч, хэдий их сэтгэлийн шарх, хэдий их үзэн ядалт тээсэн ч би хүн бүхний өмнө хүлээсэн гэнэн цайлган охин гэх дүрээ алдахгүйг хичээдэг нэгэн байсан юм сан.
Дотор минь хичнээн их үзэн ядалт, өвдөлт хуралдсан ч гаднаа хэзээ ч гаргаж байгаагүй, инээмсэглэл л тодруулдаг нэгэн байсан юм сан.
Гэтэл энэ газарт ирснээс хойш итгэл минь үгүй болж, зорилго минь алсран хол одож, үг хэлнээсээ ч айдаггүй, бусдын өмнө хүчээр инээхээс ч дургүй хүрдэг нэгэн болж орхиж.Тойрон хүрээлэх хүн бүхний өмнө инээж, сайхан зан гарган харьцаж, хайр энхрийллийг нь хүлээхийг хүсдэг нэгэн байсан юмсан.
Гэхдээ одоо надад аль аль нь хэрэг алга. Би бусдын төлөө амьдрахын тулд л энэ бүгдийг хийдэг байсан юм шиг. Харин үүнийг хийсээр л байвал би өөрийн оршихуйгаа эргэн авахад минь энэ амьдрал хүрэлцэхгүй болох нь.
Хичнээн их өөрийгөө хайж гүйсэн ч энэ харанхуй ертөнцөд жинхэнэ би аль хэдийн алга болж орхиж.
Харин түүний оронд маш олон би.Тэр дундаас жинхэнэ би хэзээ ч олдохгүй агаад тэд бүгд өөр хоорондоо маш их ялгаатай юм шиг.
"Үнэнийг хэлэхэд энэ шивээс тийм ч сайхан утгатай биш. Чиний бие дээр муухай утгатай зүйл сийлэхийг би хүсэхгүй байна"
Шинээр найзалсан хоёр найз минь нөхөрлөлийн тэмдэг болгож шивээс хийлгэх ёстой гэсэн учраас ингээд хэвтэж байгаа минь энэ. Харин түүний хэлсэн үгс өөрийнх нь хувьд санаа зовсондоо хэлсэн үгс байж болох ч миний хувьд хэн ч биш танил төдий хүний хэрэгцээгүй үг мэт л мэдрэгдэнэ.
"Би зүгээр л наадаг шивээс наагаад өгье"
"Хүссэнээрээ л болдоо" эгэмний ясны минь ойролцоо спиртээр арчиж эхлэхэд нь би түүнийг нэг бүрчлэн ажиглаж байлаа.
Хүзүүгээр нь харагдах шивээс нь нимгэн цамцных нь цаагуур орсон ч би түүний биеэр дүүрэн шивээс байгааг мэдэж байлаа. Анх тахианы газарт харахад л хамгийн эхэнд нүдэнд туссан зүйлс минь энэ.
Энгийн хүн бол хэзээ ч биеэрээ дүүрэн шивээс хийлгэж зүрхлэхгүй.
Харин тэр бол бусдаас өөр нэгэн мэт.Муу залуу шиг харагдах тэрээр яагаад ч юм надад тийм ч муу биш санагдаж, миний хажууд үргэлж ярьж байгаа байдал, хийж байгаа үйлдлүүд нь яг л түүний жинхэнэ төрх юм шиг.