Би...Анх төрөхдөө л эцэг эхээ буруу сонгож төрсөн байх...
Хүн бүр хэлдэг.
Муу эцэг эхтэй төрсөндөө л гутарч яв гэж...
Гэхдээ...
Би аав, ээжийгээ ямар ч хүн байсан хайрлах болно.
Нэгэнт л тэднийг би сонгочихсон шүү дээ.
Бүгд л надад ирээдүй байхгүй гэж хэлдэг.
"Эцэг эх чинь ухаантай хүүхэд төрүүлсэн бол гайгүй амьдралтай болж магадгүй л юм." гэж хэлэх үгийг олон дахин сонссон ч одоо дасал болж дээ.
Гэхдээ намайг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.
Миний амьдрал сайхан болно гэж найддаг.
Одоо ядуу байгаа ч ирээдүйд ч тийм байна гэсэн үг биш биз дээ?
Гэхдээ...
Миний өөртөө сануулж хэлдэг үг бүр энэ газарт ирснээс хойш бүгд замхран үгүй болжээ...
Би өөрийнхөө мөн чанараа гээчихсэн бололтой.
Сэтгэл, зүрх минь хар сүүдрээр дүүрэх тэр мөчид бүх гэгээлэг бодлууд минь гүн хар шороонд булагдчихсан бололтой.
Бүүдгэр нэгэн хаврын урь орсон үд байсансан.
Сэвшээ салхи аажуухан салхилаад л, гадуур холхих олон хүмүүстэй мөр зэрэгцэн хотын өргөн чөлөөгөөр би дураараа алхаж явлаа.
Хичээлийн амралт эхэлчихсэн болоод ч тэр үү эрх чөлөөтэй болсон мэт сайхан байсныг нь яана.Тэнгэрт саарал үүлс шигүү тархаж, бие биенийгээ тэврээд салж хагацахгүй гэсэн шиг, нарны алтлаг туяа ганцыг нь ч доош нэвтрүүлэхгүй хамгаалж, бороо орох гэж байгаа юм шиг тааламжит мэдрэмж орчныг бүрхэн авахад би таатай нь аргагүй гэрийнхээ зүг алхаж явсан юм.
Богинохон цэнхэр шорт минь, цагаан богино ханцуйттай минь гайхалтай сайхан зохицохын сацуу мөр хальт шүргэх богино хар үс минь салхи даган намирсаар нэг л мэдэхэд гэрийнхээ үүдэнд иржээ.
Гэхдээ энэ л үед аз жаргалыг минь хүчтэй шуурга аваад одчихов уу гэлтэй бүгд сарнин алга болов.
Хашааны маань хаалга намайг угтаж байв уу гэлтэй бага зэрэг онгойж хаалга руу дөхөх тусам нэг л таагүй мэдрэмж намайг орооно.
![](https://img.wattpad.com/cover/217140257-288-k149006.jpg)