3

43 14 10
                                    



-Бид хаашаа явж байгаа юм бэ? гэсээр Хёнвон гайхсаар надаас дахин нэг асуухад би дуугүй л инээсээр түүнийг ой дундуур чирсээр хурдан хурдан алхана. Саяхан бороо орсон тул өвс нойтон байх ба ой мод чийглэг үнэрээр бялхана. Ой амьсгалж байгаа мэт мэдрэгдэх ба хаа нэг шувуудын жиргээнээс өөр чимээ үгүй. Гайхалтай ид шидийн ой мэт л санагдаж байлаа. Хёнвон ч хажууд минь байгааг хэлэх үү бүр илүү гайхалтай санагдана. Бид удалгүй уул өөд өгсөж эхлэх хаа нэг хальтрах ч гэлээ би дараа нь болох зүйлийг төсөөлөн ганцаар инээд алдана. Миний төлөвлөсөн зүйл яалтачгүй түүнийг цочролд оруулах нь дамжиггүй. Энэ зугаатай байх болно. Үргэлж л миний хүсэж байсан шиг......

-За бид ирчихлээ гэсээр намайг амьсгаадсаар дуугарахад Хёнвон бүр илүү ядарчихсан бололтой бурзайх хөлсөө шувтран хүнд хүнд амьсгаадна.

-Хёнвонаа??

-Байж............ байгаарай!!!

-Баймааргүй байна аа!! Нисэцгээе!! гэсээр би шууд л түүнийг мод багатай уруу хэсэг рүү түлхчихсэн юм. Би энд нэг удаа гулсаж байсан юм. Маш зугаатай байх ба бодол санаагаа уулын уруу өнхөрөх үедээ гээж орхидог. Уг нь энэ мэдрэмжийг аминчлан бусдаас харамладаг ч энэ удаа түүнийг ч бас мэдрэхийг хүсэж байна.

Битүү ургасан өвс бороо орсны дараахан маш гулгамтгай байх ба туйлын зөөлөн байдаг учир гэмтэх нь юу л бол?

-ААААААААА гэсээр Хёнвон намайг түлхэснийг ч ойлгох сөхөөгүй уулын уруу гайхшрал дүүрэн өнхөрөх ба харахад л инээд хүрэм аж.

Би ч өөрөө араас нь гулган очсон ба тийм ч удалгүй бид хоёул тэнгэр өөд ширтэн хэвтэж байлаа. Хёнвон яг л миний таамаглаж байсанчлан амнаасаа үг ч унагалгүй гайхширсан байх ба гараа нэг өргөснөө буцан буулгаад маш чангаар инээд алдах нь тэр. Түүнд ч гэсэн зугаатай байсан нь сайн хэрэг. Бид яг л галзуу мэт инээлдэх ба бие биенийхээ өвс, нойтон хар шороо наалдсан нүүр болоод өвсөнд үрэгдсэн арзайсан үсээ харан бүр ч илүү инээлдэв. Бидний инээд хөөрний аялгуу ойг дүүргэж байлаа. Чийгний үнэр хамар цоргин, цэлмэг тэнгэрийг харах бүрт улам толгой эргэх ч энэ бүхэнд өнгөрсөн ба ирээдүй аль нь ч байсангүй. Зөвхөн бид одоогоороо оршин тогтнож байсан юм.

-Айсан уу?

-Эхлэлд нь л...гэхдээ хөгжилтэй байлаа.

Хёнвон ийн хэлээд тэнгэр өөд ширтэн байснаа аажмаар нүдээ анин өөрийн харах эрхтнээс бусад мэдэрхүйгээ ажиллуулах мэт анхааралтайгаар орчин тойрноо мэдэрч буйг би хажуунаас харна. Түүний мэдэрч байгааг би ч гэсэн мэдэрч байгаа учир....

Memory of himWhere stories live. Discover now