Дараа өдөр нь ирэхэд тэр дахиад л байх нь тэр.
Намайг нүүр дүүрэн мишээн мэнд мэдвэл Хёнвон гээч залуу толгой дохино.
-Чи үнэхээр чимээгүй хүн юм.
-Ийм байх нь надад амар байдаг юм. Бусдад ч тэр өөртөө ч тэр амар.
-Гэхдээ л харагдаж байгаагаасаа илүү сонирхолтой.
-Юу гэсэн үг юм?
-Хүн болгоноос нэг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Гэтэл чамаас өөр зүйл мэдрэгддэг. Тэр чинь надад сонирхолтой санагдаж байна.
Намайг ийн дуугарвал түүний царайнд гайхшрал гээч тодров. Түүний төрх өөрчлөгдлөө. Энэ бол маш сайн хэрэг. Бага ч болов нэг алхам ойртсон гэсэн үг.
-Би тийм ч сонирхолтой нэгэн бишээ. Надад онцгой зүйл юу ч үгүй гэсээр өөрийнхөө талаар тайлагнахад би тоосон шинжгүй инээмсэглэсээр
-Хүн болгоноос өнгө мэдрэгддэг. Харин чи яг л хар ба цагааны хослол шиг юм. Хар өнгө бол хэзээ ч өөрөө уусаж, эсвэл бусдыг өөртөө уусгадаггүй бие даамал өнгө. Харин цагаан бол дусал төдийхөнд бусад өнгөний эрхшээлд автдаг. Чамд энэ хоёр өнгө хослосон байна гэхэд тэрээр бүр ч алмайрах нь тэр.
-Чамд юу бодогдож байна? гэсээр намайг асуухад тэрээр гайхсан хэвээр хэсэгтээ дуугаа хураасны эцэст
-Би зүгээр л цочирдчих шиг боллоо. Самуурч орхилоо. Толгой ажиллахгүй нь гэх нь тэр. Үнэхээр сонирхолтой ажээ. Тэр яг л миний бодож байсанчлан амттай бялууны нэгэн хэсэг шиг юм.
-Дургүйцэхгүй бол чамайг юу хийдгийг асууж болох уу? гэсээр би түүнээс аль болох эелдэгхэн асуув. Харилцааны эхний алхам айлгалгүйгээр тайван бөгөөд найрсагаар эхлэх нь зүйтэй.
-Хэлж болно гэж бодож байна. Би ... хувиараа хэдэн аян дээр л ажиллаж, заримдаа DJ хийдэг гэх нь тэр.
Тэр миний төсөөлж байснаас ч илүү сонирхолтой ажил хийдэг бололтой. Гэхдээ юу түүнийг энэ гүүрэн дээр авчрахад хүргэдэг байна?
-Гайхалтай. Би бол зураач. Тийм ч сайн биш л дээ. Сонирхлоороо...... би их ЯДУУ гээд зоримогхон чанга дуугартал тэр цочиж орхив. Би сэтгэл ихээхэн хөдлөвөл ийн чимээ ихтэй хүн.
-Сонирхолтой сонсогдож байна гэсээр Хёнвон тайвшран хариулвал би дахиад л малийсаар
-Чи хэдтэй вэ? Магадгүй бид чацуу эсвэл...... би чамаас ах ч байж магадгүй гэхэд Хёнвон биеэ суллан зогсоод
- 26 хүрсэн гэв. Гайхалтай яг л миний бодож байсанчлан би түүнээс ах болж таарлаа.
-Эхх?? Чи ч намайг ахаа гэж дуудах нь дээ гэсээр би түүний мөрөн дээр гараа тавихад түүнд эвгүй санагдсан бололтой нэг алхам цаашлах нь тэр. Гэхдээ зүгээр дээ. Би хоёр алхам урагшлахад болно. Тэр миний анхаарлыг хангалттай татаж байхад би явуулчихаж даанч чадахгүй.
-Дуу шуу ихтэй намайг өршөөгөөрэй. Би чиний эсрэг хүн бололтой гэсээр түүнд эвтэйхэн санагдуулахын тулд хичээн дуугарахад Хёнвон мөн л тайвнаар
-Зүгээр дээ гэх нь тэр. Түүний энэ байдлыг өөрчлөхийг ямар их хүсэж байна гээч. Ямар ч хүн ийм чимээгүй байна гэж байхгүй. Гагцхүү үнэн төрхийг нь ухан гаргавал өөр байх. Би ийн дотроо бодоод сурсан зангаараа асуултаар булахаар шийдэв.
-Чи цасанд дуртай юу? Өвөл болох үед энэ гүүр дэндүү үзэсгэлэнтэй болдог юм?
-Цасанд дуртай. Гэхдээ бороонд илүү дуртай. Зөөлөн шиврээ тусмаа тааламжтай. Хэд хоногийн өмнө орсон борооноор энд ирсэн юм. Намуухан хэрнэ гайхалтай байсан.
-Тийм шүү, санаж байна. Би ч гэсэн ирсэн.
-Чи ......... бишээ таныг хэд хэдэн удаа харж байсан.
-Та гэхээр эвгүй юм зүгээр л чи гэчих. Энэ нь харицахад илүү амар байна байх. Тэглээ ч би ах гэж дууд гэж тоглосон юм гэхэд Хёнвон эв хавгүйхэн инээмсэглэсэн босоод гүүрний дээш аядуу алхаж эхлэв. Би ч түүнийг даган алхлаа.
-Шулуухан хэлэхэд би чамтай дотно танилцмаар байна.
Тиймээ, нэгэнт л өөрийн үнэн төрхөөр харьцахаар шийдсэн юм чинь тойруулаад байх хэрэггүй. Тиймээс шулуухан байя.
-Болно оо, гэхдээ би тийм ч сонирхолтой хүн биш гэдгийг дахин нэг хэлчихье. Танилцах тал дээр их тааруу гэхэд би ч тоосон шинжгүй хөхрөөд алхаагаа бага зэрэг хурдасган урд нь гараад
-Харин би их зугаатай хүн шүү. Чи уйдахгүй ээ, амлаж байна. За тэгвэл харилцан ярилцлагаа албан ёсоор эхлүүлцгээе гээд би дотор минь хуралдах бяцхан догдлолоо даран байж эрч хүчтэй дуугарахад тэрээр чимээгүйхэн толгой дохино. Түүнээс гайхалтай чанар үнэртэж байна. Тэр өөр гэдгийг зөн совин минь тасралтгүй шивнэж байлаа.
...