...Хуучинсаг нэгэн...
Энэ хэн бэ..? Энэ би, ахиад л Лила байна. Миний тухай сонирхож байна уу.? Би ахиад яриад өгье.
Тэр нэгэн өдөр /5.31/ есөн цагийн алдад, усан бороо зогсолтгүй үерлэж байхад би гэгч нэгэн этгээд энэ хорвоод мэндэлж байсан юм. Нүүр дүүрэн хацартай 'хачин' хүүхэд.
Дэлхий өөрчлөгдсөнийг мэддэг болтлоо би өөрийгөө их зожиг нэгэн гэж боддог байв. Одоо ч тийм дээ. Надад багын найз эсвэл танил хөршийн хүүхэд ч байгаагүй. Би нэгдүгээр ангид ортлоо ямар ч найзтай байж үзээгүй хүүхэд. Зожиг...тэр дундаа бүр хэтэрхий зожиг.
Гадуур гарах дургүй олон хүмүүсээс зайлс хийдэг тэр ч бүү хэл гэрийнхнээсээ хүртэл ичдэг хачин этгээд байлаа. Хүнгүй өрөөнд хүүхэлдэйнүүдээ өрөөд өөрийн төсөөллийн найзуудтайгаа хамт тоглодог байснаа санаж байна. Харин өөр хүн ороод ирвэл тоглоомоо тэр чигт нь орхиод "Түр гарч бай л даа, би жоохон тогломоор байна" гэнэ. Миний төсөөллийн найзыг "Рэйна, Лиса, Люси" гэдэг байв. Харин ихэнхдээ би "Лиса" болно. Жинхэнэ нэрээсээ бас ичдэг золиг байсан юм.
Дөрвөн настайгаасаа хойш гэртээ ганцаараа байдаг болсон. Тэр үедээ хашаа байшинд амьдардаг байсан болохоор ч тэр үү ганцаараа л хашаандаа гүйгээд тоглоод байдаг. Надад бас их олон гар цүнх байдаг юм. Нэг ягаан цүнхэндээ өөрийн тоглоомын хэрэгслүүдээ /хэрэггүй бент боолт, бугуйвчны хэлтэрхий, чулуунууд, хайч, томруулдаг шил, дотроо карттай жижигхэн түрүүвч, дуусчихсан спиртны сав, маслоны хутга г.м/ хийгээд өдрийн турш үүрэн явна. Зэрлэг ногоонууд түүж аваад хайчлан уусмал бэлдэнэ. Хачин байж магадгүй ч би ингэж тоглох дуртай байсан. Хувь хүн нь их сониуч болохоор ихэнхдээ аялалд гарч шинэ зүйлс судалж байна гэж тоглодог. Ид шидтэй болчихлоо /ихэнхдээ шулам болдог/ гэж тоглоно. Миний тоглоомын арга барил бусад хүүхдийнхээс ер нь тэс ондоо байсан. Би айл гэр болж тоглож үзээгүй. Болсон ч би хэзээ ч ээж нь болдоггүй.
Амьтдаа өөрийн эрхгүй яриад эхэлдэг. Байгаль, амьтан, урлагт хайртай. Зураг дарах, дуулах, муу ч бас зураг зурах дуртай. Өгүүллэг бичих, гадуур алхах ч бас нэг дуртай зүйл минь. Франц хэл сурахыг хүсдэг. Болдог бол энэ дэлхий дээр байгаа бүх хэлийг сурмаар байна. Аялах дуртай минь ер нь л мэдэгдэх байх. Монголын нэг хязгаараас нөгөө зах хүртэл аялж үзсэн. Онгоц, галт тэрэгт харин сууж үзээгүй. Ирээдүйд гадаад орон руу аялах зорилготой.