Өтгөн манан ойг тэр чигт нь бүрхээд эмнэлгийн цонхоор харахад нилэнхүйдээ саарал үзэгдэн, хэдэн өдөр орсон бороо одоо ч зүсэрсэн хэвээр ажээ.
"Шинэ эмч Америкаас саяхан ирсэн гэсэн. Маш чадварлаг дээр нь царайлаг гээч!"
"Гэхдээ тийм чадварлаг хүн манай эмнэлэгт ажилна гэхээр харамсалтай л юм."
Сувилагчид жиг жуг ярилцан олны хөлөөс зайдуу орших эмнэлгээ өчигдөрхөн ажилд орсон эмчид тохирохгүй газар хэмээлцэн зогсоцгооно. Эмнэлгийн дотоод заслыг ажваас үнэхээр л энд тэндээ халцарч, дээвэр нь муудаад ханыг нь дагаж дусаал гойжсон нь тийм ч таатай биш юм.
Хонгилд хөлийн алхаа наашилсаар сувилагчдийн ярианы гол сэдэв болох шинэ эмч цагаан халатаа цэмцгэр өмссөн сувилагчдийн яриаг таслах агаад "Тэгэхээр бүсгүйчүүдээ, Ханыл гэх өвчтөний үзлэгийн цаг болсон байна. Түүний өрөө хаана вэ?" хэмээх нь тэр.
Үнэхээр л өөлөх юмгүй өв тэгш сайхан залуу ажээ.
Сувилагчид гэнэт л ард нь ирсэн эмчээс цочсон ч эвгүй байдал үүсгэхгүй гэсэндээ хоолойгоо эв хавгүйхэн засаад зэрэг шахуу "Би танд зааж өгье." хэмээлцэв.
Тэд ичингүйрэн эмчийн анхаарлыг татахыг хичээн янз бүр болсоор замчилж харин Жошуад энэ бүхэн хөгжилтэй байгаа бололтой тэдний араас доогтойхон ширтэн алхана. Харц нь бүсгүйчүүдийг сонжин үйлдлийг нь таах аятай...
Хялбар байлаа... сэтгэлд нь үлдэх.
Өрөөнүүдийн дугаар болон нэрсийн хажууд өвчтөнүүдийн оношийг бичсэн байх ба энэ зүгээр ч нэг эмнэлэг биш харин сэтгэцийн эмнэлэг гэдэг нь тодорхой. Харанхуй хонгилоор алхах тусам гэрэл улам бүдгэрч харанхуй бүрхэх агаад тэд хамгийн мухрын өрөөний өмнө ирэв.
"Хун эмчээ, та шинэ болохоор энд үнэндээ харгалзагчгүй орох хэтэрхий аюултай. Ханыл эмнэлгээс оргож тэр хугацаандаа хүний амь бүрэлхэж байсан... Тэр бүр манай хуучин эмчийг ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн." гэн их л сандруу харц тодрооно.
Жошуа ярианаас нь жийрхэж байсан ч сувилагч бүсгүйчүүдэд зоригтой болж харагдахыг хүсээ бололтой инээмсэглээд "Зүгээр дээ, харин үзлэгийн цаг дууссан ч гарч ирэхгүй бол харгалзагч дуудаарай." хэмээн зэвэрсэн төмөр түлхүүрийг хаалганы цоожинд шургуулах нь тэр.
Юу хүлээж байгаа бол?
Чийхран нээгдэх төмөр хаалганы дуунд эмэгтэйчүүд түргэхэн тэндээс холдох агаад Жошуа тэдний барааг холдсон даруйд одоо л сандралаа ил гарган гүнзгий амьсгалав. Тэгснээ арай ядан өрөөнд орох аж.
YOU ARE READING
Papillon
FanfictionТэр бүгд... Хайр, донтолт, шаналал, харуусал, өш хонзон, дурсамж, зовлон... Би зүрхнийхээ гүнээс түүнийг хайрлаж, Бодлынхоо алсаас үзэн яддаг.