Бороо шаагин орж дээврийн тачигнах дуу хуучирч муудсан жижигхэн умгар өрөөн дэх хүмүүсийн санаа алдах дуутай зэрэгцэн сонсогдоно.
Айл болгоны идэр залуу хөвгүүдийг нь, танхил охидыг нь булаан авч байлаа. Хойно нь үлдэх гэрийнхэн нь ордны цэргүүдээс айхдаа гэртээ чимээгүй л шаналан суух бол зарим нэг нь гудамжинд сөхөрч суун нулимс асгаруулан тэднийгээ үдэх аж.
Хувь тавиландаа найдаж амьдрах эсвэл хувь тавилангаа өөрөө шийдэж амьдрахын аль нь үнэн бол? Аль нь ч байлаа цаг хугацаа урсаж байгаагаас цааш амьдрал үргэлжилсээр байх болно.
Хамгийн сүүлд Жан өвгөнийд ордны цэргүүд ирэхэд өвгөн ухаан сийлж нэг арга сэдсэн нь Юм Гымжаг нуусан байлаа. Гэвч ордны цэргүүд тэрийг нь огтхон ч анзаарсангүй. Өөрийнх нь төрсөн хүүхдүүдээс авч явахаар "Танайх 2 шуудай арвай буудайгаа төлж барагдуулаагүй байна. Ууган охиноо өгч явуул" хэмээн зандрангуй өнгөөр хэлэхэд Жан өвгөний эхнэр орилж гарав.
"Аминаас хайртай хүүхдүүдээс минь авч явахаар би гэгч хүн яаж амьд явах билээ? Тэгснээс өргөмөл охиныг минь аваад яв" гээд Гымжагийн нуугдсан газрыг заагаад өгөх нь тэр.
Өвгөний царай ч барайж хар хөлс нь цувахын зэрэгцээ эхнэртээ уурлаж, басхүү насанд хүрээгүй ууган охиныг нь арай ч авч явахгүй байлгүй гэсэн найдлага нь талаар болсонд уурсана.
Ордны цэрэг Гымжаг олмогцоо хурц илдээ сугалан өвгөний хоолойд тулгаж
"Дорд муу боол чи яаж хааны зарлигийг зөрчиж зүрхлэв!" хэмээн сэлмээ хоолойд нь улам тулгав. Бусад цэргүүд ч тэр дор нь Гымжа руу хурц илдээ чиглүүлцгээх аж."Мунхаг би үхэх ялтай. Намайг өршөөж хайрла. Хэдий өргөмөл ч гэлээ төрснөөс өөрцгүй билээ. Охиныг минь үлдээж хайрла" гээд шуудхан л газар сөхөрч унах нь тэр.
"Юунд охиноо нуух болов чи?!"
"Ордон руу явсан зарц, шивэгчингүүд бүгд ханхүүгийн тушаалаар цаазлуулж амиа алддаг гэх үгийг сонссон билээ би. Тэгж айхдаа охиноо нуусан бөлөг" хэмээн өвгөн улангассан гал мэт ордны цэрэгт өчиж гарав.
Гэвч гал дээр тос нэмэх аятай түүний энэ үг бүгдийг нь хутганы ирмэгт тулахад хүргэчих нь тэр.
"Муу өвгөн чи ханхүүг доромжилж зүрхлэнэ гэнэ ээ?" гээд хурц илдээ ар шилэнд нь тулгаад илдээрээ тас цавчихаар бэлтгэн дээш өргөв.
Тэр шөнийн бороо тийм ч хүйтэн байгаагүй ч байшингийн үүдэн дэх энэ зураглал үнэхээр хүйтэн салхи мэт байлаа. Богино бодлоор гаргасан үйлдэл нь хэн хэнийх нь амийг авч одож мэдэхээр байсан юм.
"Хөгшин эцгийг минь өршөөж хайрла. Түүний оронд намайн хороо. Би л ордонд очихоос айсандаа нуугдах санааг гаргасан. Намайг хороо" хэмээн Гымжа байдаг чадлаараа хашгирч гарав.
Үнэндээ түүний санаа байгаагүй ч хөөрхий өвгөний гэр бүлд лай ланчиг тарьж байгаадаа сэтгэл нь зовниж байсан юм.
Хаанаас ч юм гэнэтхэн нэгэн морьтой хүн "Зогс!" гэх дуунаар бүх хүний анхаарал тийш хандав.
Урт хар нөмрөгтэй, цэргийн хувцастай үл таних тэр хүн мориноосоо буумагц саяхан л зандарч захираад байсан цэргүүд бүгд түүний өмнө бөхийцгөөв.
"Ким жанжин... Та энд ямар хэргээр..?" гэж өвгөнд сэлэм тулгаж байсан өнөөх цэрэг асуухад
"Хааны зарлигийн дагуу шалгаж явна. Өвгөнийг босго" хэмээн чанга дуугарав. Өнөөх цэрэг гайхаж сөхөн тушаалыг нь биелүүлж өвгөнийг босгов.
Өвгөн дээш өндийж өнөөх жанжны царайг хармагцаа өөртөө л сонсогдохоор "Ж..Жүнмён!" хэмээгээд царай нь барайх ажээ.Өтгөн хөмсөг, дүрлэгэр нүд, эрэмгий царайтай тэр хүн бүдүүн дуугаар "Энд юу болоод байна? Яагаад ажил үүргээ удаашируулаад байгаа юм? Хааны зарлигийг зөрчих гээ юу?" хэмээн зандрахад
"Өршөөж хайрла. Энэ муу дорд өвгөн өөрийн охиноо явуулахгүй хэмээж охиноо нуусан байсан тул зохих ялыг нь өгөхөөр зэхэж байсан юм"
"Одоо болно. Охиныг аваад яв" гэхэд бусад цэргүүд Гымжаг чирч авч явлаа.
Өвгөн газарт шигдсэн хадаас аятай байрандаа таг зогсох бөгөөд Жүнмёноос нүд салгаж үл чадна.
Жүнмён бусад цэргүүдээ явуулсны дараа өвгөнтэй хоёулхнаа бороон дунд үлдэж хоцров. Хоёул өөд өөдөөсөө харах бөгөөд Жүнмёны харц ширүүн төрхтэй болсноо гэнэтхэн зэвүүн инээмсэглэлээр солигдож "Та намайг таньж байгаа биз дээ?" гээд өвгөний зүг дөхлөө.
Өвгөн өөрийнх нь зүг ойртох Жүнмёноос харц бууруулж доош харан "М..мөхөс би их жанжныг нэр төдий л сонсож байсан болохоос биеэр харж байсангүй"
"Худал хэлэх гэсний хэрэггүй. Та намайг мартаж чадлаа гэж үү? Эхийг минь тэгж хаячихаад..." гээд хоолой нь цааш орчихов. Яг л санаж болдоггүй дурсамжаа санасан аятай.
"Та хүн андуурсан бололтой, их жанжин минь" гээд өвгөн мэлзэж булзах нь Жүнмёнд тийм ч таатай байсангүй. Угтаа бол өвгөн түүнийг мориноос буухад нь л таньж байсан ч өөрийнх нь өнгөрсөн амьдралаас нь болж Гымжад муу зүйл хийх вий гэдгээс сэрэмжилж байсан хэрэг.
🍓Vote дарахаа битгий мартаарай🍓
YOU ARE READING
БИДНИЙ ТУХАЙ ТҮҮХ
Romance⚠️БИЧВЭРТ ӨРНӨХ ҮЙЛ ЯВДАЛ, ГАЗАР ОРНЫ БОЛОН ХҮНИЙ НЭР ЗЭРЭГ БҮГД ЗӨВХӨН УРАН СЭТГЭМЖЭЭР БИЧИГДСЭН БОЛНО⚠️ Жусоны эрин үеийн чөтгөр ханхүү гэгдэх харгис хэрцгийгээр алдаршсан ханхүү У Сэүний зарлигийн дагуу ордны зарц, шивэгчдийг энгийн ардаас бүрдүү...