Тосгоноос цуглуулсан зарц нарыг хааны ордон руу зөөх ажил эхэллээ. Тэдгээр хүмүүс ар араасаа уван цувсаар явах бол морьтой цэргүүд 2 талд нь хуваагдан явна. Холоос харвал олзлогсод шиг л харагдахаар дүр зураг өрнөж байсан юм.
Гымжа ямар ч хүчгүй болж ядарч туйлдсан байх бөгөөд саяхан орж байсан борооны үүл тэр чигтээ алга болж халуун нар эгц дээрээс нь төөнөнө.
Жүнмёны харц Гымжагаас огтхон ч салсангүй. Тосгоноос ордон хүртэл нэлээд зайтай. Гэтэл тэр энэ хүртэл зөвхөн Гымжагийн араас үйлдлийг нь ажигласан юм. Энэ дэлхий дээрх хамгийн үзэн яддаг хүн, өшөөгөө авахыг хүсдэг хүнийхээ хайртай ганц зүйлийг нь энэ олон жилийн дараа гартаа оруулсандаа өөртөө ч итгэхгүй байсан хэрэг.
Дайны талбар дээр хааны төлөө байлдаж явахдаа хэзээ нэгэн өдөр Жан өвгөнтэй уулзаж, түүнийг сүйрүүлэх талаар л боддог байв. Гэвч энэ хоёр хүний хооронд яг ямар зүйл болсныг хэн ч мэдэхгүй. Цоожтой авдар дахь нууцын түлхүүр үл олдоно.
"Бүгд зогсоод! Энд түр амарцгаа" хэмээн нэг цэрэг чангаар орилоход л тэдгээр бүх хүмүүс дор дорноо газар тэрийн сууцгаалаа.
Гымжа ч бусдаас арай зайдуу нэгэн унасан модон дээр очин суугаад духан дээрээ бурзайсан хөлсөө ханцуйгаараа цэвэрхэн гэгч нь дарж арчина. Тэдгээр хүмүүсээс Гымжа илт ялгарах бөгөөд цайвар царай, өтгөн хөмсөг, дүрлэгэр нүд, бумбагар улаан уруултай аж.Хэрвээ түүнд аз тохиовол хатны шивэгчин болоход яг тохирохоор. Хэрэв аз нь харьвал ханхүүгийн шивэгчин, аль эсвэл хар бор ажил хийх зарц боол болно. Аль нь ч байлаа гэсэн түүнд амьд үлдэж, гэртээ эсэн мэнд харих л хамгийн чухал байлаа.
"Чи Жан өвгөний охин гэлүү?" гэх баргил хоолой дуугарахад Гымжа дээш хармагцаа шууд л толгой бөхийлгөн "Тийм ээ, их жанжин" гэж зөөлнөөр хэлэхийн сацуу дотроо туулай шиг л чичигнэнэ.
Их жанжинаас нэг зүйл мэдсэн нь өөрийнх нь эцэгт туйлын дургүй гэдгийг мэдэж авсан тул нүдэнд нь өртөхөөс зайлс хийж байсан нь ингээд өнгөрчээ.
Жүнмён түүнээс ийн асуусныхаа дараа "Толгойгоо дээш өндийлгөж надад царайгаа харуул" гэж ширүүхэн хэлэхэд
"Дорд муу боол би яаж их жанжин руу эгц харж чадах билээ?" гээд Гымжа шуудхан хариулж орхив.
Хурц илд сугалагдах чимээ гарч нэг л мэдэхэд Гымжагийг хүзүүнд тулсан байв."Тоглойгоо өндийлгө" гэхэд Гымжа удаанаар харцаа дээшлүүлэв. Ердөө араас нь харж явсан Жүнмён түүнийг хармагцаа хэсэг ширтэн зогслоо. Энэ мөчид үзэн ядаж, хороохыг хүсэж байсан хүсэл нь гэнэтхэн л мартагдчихав. Цаг хугацаа тэр хоёрыг харц тулгарах үед таг гацаж, дэлхий тэдний төлөө хэдхэн хором эргэхээ больсон мэт.
YOU ARE READING
БИДНИЙ ТУХАЙ ТҮҮХ
Romance⚠️БИЧВЭРТ ӨРНӨХ ҮЙЛ ЯВДАЛ, ГАЗАР ОРНЫ БОЛОН ХҮНИЙ НЭР ЗЭРЭГ БҮГД ЗӨВХӨН УРАН СЭТГЭМЖЭЭР БИЧИГДСЭН БОЛНО⚠️ Жусоны эрин үеийн чөтгөр ханхүү гэгдэх харгис хэрцгийгээр алдаршсан ханхүү У Сэүний зарлигийн дагуу ордны зарц, шивэгчдийг энгийн ардаас бүрдүү...