Түүний бие багахан чичирхийлж, бидний арьс шүргэлцэх хэсэг бүрд хүйтэн мэдрэгдэнэ.
Багахан хөлөрсөн тэр чимээгүйхэн амьсгалж, хацрыг нь дагах нулимс миний гарын шуун дээр буухад сая би түүнийг хэчнээн чангаар тэвэрч буйгаа анзаарлаа. Энэ хэвээрээ бол би өөрөө түүнийг боомилж алах нь.
Бид том өрөөнийхөө зүүн буланд, хүйтэн шалан дээр сууцгаана. Гадаа харанхуй ч бид гэрлээ асааж амжаагүй юм. тиймдээ ч цөөхөн хэдэн тавилга бүр сүүдэртэж, цаанаасаа л нэг айдаст автуулан хөндий оргино. Согжиний сэтгэл гутрал дээд цэгтээ тулж, паник аттак тохиолдох бүрд бид яг энэ буланд ийн дуусдаг билээ. Хажууханд бидний тэжээдэг алтан загас дугуй хоргондоо үзэгдэж тэр загасны хөдөлгөөн бүрээр би нүдээ цавчина.
Би түүнийг араас нь тэвэрч, хоёр гарыг нь аль болох хөдөлгөөнгүй барихыг хичээж, харин тэр уйлж, тийчилж, амьсгал давчдах бүрээр амнаасаа гаслантайгаар шаналж буйгаа илэрхийлэх авиануудыг гаргах ажээ.
Хөлөөрөө хүртэл түүний биеийг ороож, өөрийгөө гэмтээж болох хөдөлгөөн бүрээс нь урьдчилан сэргийлэх би энэ бүхний эцэст өөрийн ухаангүй болох шахна.
Тэр минь уйлж, өвдөж, юунаас ч юм айж, тэсэхүй бэрх дунд хашхирч байхад надад ердөө ийн тэврэхээс өөр хийж чадах зүйл үгүй болоод энэ бүхний өмнө хүчгүйгээ мэдрэх бүрдээ би өөрийн ухаанаа алдах гэж буй мэт санагддаг юм.
Согжин одоо тайвширчээ. Зөөлхөн мэгшиж, тэгээд хүйтэн гараараа миний өөрийнх нь биеэр ороосон байх гаранд зөөлхөн хүрнэ. Энэ нь түүний "Одоо би зүгээр ээ" хэмээн надад ойлгуулах гэсэн дохио.
Би тэврэлтээ суллан, хэчнээн удаан түгжсэн амьсгалаа сая авах мэт уртаар гүн амьсгал авах зуурт Согжин шалан дээр зөөлнөөр өөрийгөө хэвтүүллээ.
Намайг ч бас түүний араас даган шалан дээр тэрийж хэвтээд тааз өөд ширтэхэд Согжин биеэ удаанаар эргүүлэн надруу эргэн харна.
Одоо ч нүднээс нь нулимс урссаар байх тэр минь миний түнхэлзэх цээжин дээр гараа тавьж, зөөлөн товших нь одоо намайг аргадаж буйг нь илтгэх тул би түүнийхээ духан дээр зөөлхөн үнсээд хамаг биеийг нь өөртөө татан тэвэрлээ.
Бидний амьсгал одоо нэгэн жигд. Хатуу шалан дээр ч гэлээ энэ хэвээрээ үүрд үлдэж болмоор юм шиг.
"Намжүүн аа, намайг уучлаарай"
Цээлэнгитсэн хоолойгоор тэр минь ийн шивнэж, тэгээд энгэрт минь гэмшингүй мэгшихэд би түүнийхээ булцгар ягаан уруулыг үнсэнэ.
YOU ARE READING
Broken Cup (Oneshots)
FanfictionНэгэнт хагарсан аяга хэчнээн эвлүүлэх гэж оролдоод ч цуурхайгаар нь ус гоождогтой адил. Namjin Sad Oneshots